Эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн хүртээмж нэмэгдсээр байна

А.Эрдэнэбаатар, zavkhan.mn
2020 оны 04 сарын 08

Завхан аймагт Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу КОЙКА болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтарсан “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төсөл 2019-2021 он хүртэл хэрэгжиж байна. Эрүүл ахуйн шаардлага хангасан, уур амьсгалын хүнд нөхцөлд тэсвэртэй ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд 2019 онд Тэлмэн, Цэцэн-Уул, Тэс сумдад Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны сурагчдад болон нийтийн хэрэглээнд зориулан халуун усны байгууламж, Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль, Түдэвтэй, Яруу сумдын Ерөнхий боловсролын сургууль, Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд гадаах сайжруулсан уламжлалт гэрэлтүүлэгтэй бие засах газар, Нөмрөг суманд нийтийн халуун усны дэргэдэх гүн өрмийн худаг зэрэг ажлуудыг барьж байгуулснаар 12400 гаруй хүүхэд, иргэдийн эрүүл ахуй, ариун цэврийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж байна.

Орон нутгийн ус, хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйтай холбоотой бодлого, төлөвлөгөө гаргах, орон нутгийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх, байгалийн аливаа гамшгийн үед ус, ариун цэврийн байгууламжтай холбоотой эрсдэлийг бууруулах чадавхыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд жижиг суурин газрын “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах, орон нутгийн мэргэжилтнүүдийг чадваржуулах” сургалтыг 23 сумын Засаг дарга, байгаль орчны байцаагч, хүнсний байцаагч, Эрүүл мэндийн төвийн эрхлэгчид болон Улиастай сумын усны аюулгүй байдлын багийн мэргэжилтнүүдэд зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан сум бүр “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө”-тэй болон ажиллаж байна. Түүнчлэн Баянтэс сумын сургуулийн дотуур байрны ариун цэврийн өрөөний засвар, Улиастай сумын Чандмань-Эрдэнэ лаборатори сургууль, тавдугаар цэцэрлэгийн гал тогооны өрөөний засвар, Улиастай сумын Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн зургаан настны ариун цэврийн өрөөний засвар зэрэг ажлуудыг хийлээ.

Цаашлаад орон нутгийн төр захиргааны байгууллагууд, хүүхэд, иргэд, хувийн хэвшлийн байгууллагуудын ус, ариун цэвэр, эрүүл ахуйн мэдлэг чадавхыг сайжруулах зорилтын хүрээнд “Дэлхийн усны өдөр” -өөр олон нийт рүү чиглэсэн байгаль орчноо хайрлаж хамгаалах, аюулгүй усыг хүнсний зориулалтаар хэрэглэх, усны савыг зөв сонгох сэдлийг төрүүлэх сургалт сурталчилгааны аяныг хоёр удаа зохион байгуулав. “Дэлхийн гар угаах” өдөр, “Дэлхийн жорлонгийн өдөр”-үүдээр олон нийтэд гараа бохирдсон тохиолдол бүрт угаах, бохир гараар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, нүхэн жорлонгийн стандарт, байгууллага бүр эрүүл ахуйн шаардлага хангасан жорлонтой байхыг уриалсан уралдаант аян, сургалт, сурталчилгаа, өдөрлөг зохион байгуулж, идэвхтэй оролцсон хүүхдүүдийг урамшууллаа. Энэхүү арга хэмжээнд 17500 орчим хүүхэд, иргэдэд 5500 ширхэг брошур материал хүргэсэн байна.

Сэтгэгдэл  


Copyrights © 2010-2020, БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.
Gazelle системийг ашиглан бүтээв