МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиргаа өнөөдөр тус сургуулийн оюутан Батбаярын Ариунзаяагийн асуудлыг хэлэлцэнэ.
Тус сургуулийн оюутнууд гарын үсэг цуглуулж, Б.Ариунзаяа Хууль зүйн сургуульд суралцах ёс зүйн чадамжгүй тул сургуулиас хасах санал дэвшүүлжээ. Учир нь өмгөөлөгч Батбаярын охин Б.Ариунзаяагийн бусадтай зүй бусаар харилцсан бичлэгүүд олон нийтийн сүлжээнд тавигдсан юм.
“Тухайн суралцагчийг өөрийн биеэр ирж тайлбар, мэдээлэл өгөх, шийдвэрийг өөрт нь мэдэгдэх зарчмын үүднээс 14.00 цаг хүртэл хугацаа өгсөн”. Энэ хугацаанд ирэхгүй бол гарсан шийдвэрийг та бүхэнд мэдээлэх болно” гэж МУИС-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
Хууль зүйн сургуулийн захиргаа хуралдан, гаргасан шийдвэрээ МУИС-ийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, доктор Б.Очирхуягт танилцуулах юм.
Монгол Улсын Их Сургуулийн багш, ажилтан, суралцагчийн ёс зүйн дүрэмд
- 50. Санаатай, хайхрамжгүй, хэтэрхий болгоомжгүй, хариуцлагагүй үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдын аюулгүй байдал, бие, сэтгэцийн эрүүл мэнд, амь насанд шууд аюул занал учруулах;
- 51. Санаатай, хайхрамжгүй, хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр бусдын аюулгүй байдал, бие, сэтгэцийн эрүүл мэнд, амь насанд аюул занал учруулж болзошгүй байдал үүсгэж, айдаст автуулах;
- 56. Бусдыг хилсээр буруутгах, мэдээллийг гуйвуулах, нуун дарагдуулах, худал мэдээлэх, хутган үймүүлэх;
- 59. Бусдыг үл хүндэтгэх, бүдүүлэг авирлах, үг хэлээр дайрч доромжлох, айлган сүрдүүлэх, дарамтлахыг хориглоно гэж заажээ.