Өмнөд Солонгосын 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт лхагва гаригт болж, сөрөг хүчин болох “Ард түмний хүч нам”-ын нэр дэвшигч Юн Сук Ёл нийт сонгогчдын 48.59 хувийн саналаар ялалт байгууллаа.
Сонгууль маш өрсөлдөөнтэй болж, санал тооллогын эцсийн мөчид ялагч тодорсон юм. Тухайлбал, Юн Сук Ёл ердөө 250 мянган сонгогч буюу 0.8 хувийн саналаар ялалт байгуулсан байна. Харин түүний өрсөлдөгч, эрх баригч “Ардчилсан нам”-ын нэр дэвшигч Ли Жэ Мён 47.79 хувийн санал авсан юм.
Сонгуульд сонгуулийн насны нийт 44.19 сая иргэн бүртгэгдсэнээс 77.1 хувийн ирцтэй өндөрлөсөн бөгөөд Өмнөд Солонгосын Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлснээр нийт хүчинтэй саналын хуудсыг 100 хувь тоолж дуусжээ. Энэ удаагийн сонгуулийн ирц 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулахад 0.1 хувиар буурсан байна.
Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ
Тэрээр 1960 оны арванхоёрдугаар сарын 18-нд Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод төрсөн. Түүний аав Юн Ки Жун нь багш бөгөөд Өмнөд Солонгосын Статистикийн нийгэмлэгийн үүсгэн байгуулагч юм. Юн Сук Ёл Сөүлийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн.
Гэвч их сургуулийн төгсөх шалгалтдаа 9 удаа унаж байжээ. Үүнийг 1980 оны ардчиллын төлөөх оюутны бослогод идэвхтэй оролцож, тухайн үеийн эрх баригчдыг хурцаар шүүмжилж байсантай холбон тайлбарладаг. 1994 онд Өмнөд Солонгосын Дэгү мужийн прокурорт ажиллаж эхэлснээр хуульчийн карьераа эхлүүлсэн.
Тэрээр 2016 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд холбогдох авлигын хэргийн мөрдөн байцаалтыг ахалж байв. Юн Сук Ёл прокурорын хувиар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ли Мён Бак, Пак Гын Хэ, тагнуулын газрын гурван дарга, нэг ерөнхий шүүгч, 100 гаруй өндөр албан тушаалтан, “Samsung” болон “Hyundai” корпорацын удирдлагуудыг яллаж байсан аж. Улмаар Юн Сук Ёл 2019 онд Өмнөд Солонгосын Ерөнхий прокуророор томилогдон ажиллаж байв.
Юн Сук Ёл өөрийгөө барууны консерватив үзэл баримтлалтай гэж тодорхойлдог. Мөн Өмнөд Солонгосын улс төр судлаачид болон тоймчид түүнийг либертари үзэлтэй гэж тодорхойлжээ. Харин Юн Сук Ёлыг шүүмжлэгчид түүнийг хэт барууны популист гэж тодорхойлдог байна. Тэрээр эдийн засаг дахь төрийн оролцоог эсэргүүцдэг бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цуцлахаа мэдэгдсэн.
Харин гадаад бодлогын тал дээр Ерөнхийлөгч болсон тохиолдолд Өмнөд Солонгосыг дахин цөмийн зэвсэгтэй болгоно гэж мэдэгдэж байв. Мөн АНУ-ыг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт дахин стратегийн зэвсгийг байршуулахыг шаардана гэж мэдэгдсэн удаатай. БНХАУ-ын Гадаад хэргийн яам Юн Сук Ёлын энэхүү мэдэгдлийг тун хариуцлагагүй гэж тодорхойлон, хүчтэй эсэргүүцэж байсан юм.