УИХ-ын гишүүн С.Одонтуяа тэргүүтэй гишүүд “Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах тухай” хуулийн төсөл өргөн барьж байгаа талаар мэдээлэл хийлээ.
УИХ–ын гишүүн С.Одонтуяа: Судалгаагаар Монгол Улсад чихрийн шижин, таргалалт хамгийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Ялангуяа 7-11 настай хүүхдийн таргалалт сүүлийн долоон жилийн дотор долоо дахин өссөн байна. Мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүх улс орнуудад хандаж “Хэт чихэрлэг ундааг хязгаарлахгүй бол сөрөг үр дагавар нийгэмд үүснэ. Эрүүл мэндийн зардал нэмэгдэнэ” гэж сануулсан. Иймд бид урт хугацаанд үр дүнгээ өгөх энэ хуулийг өргөн барьж байна. Эрүүл мэндийн салбарын хууль нь голдуу 10-15 жилийн дараа үр дүнгээ өгдөг.
Чихрийн хэмжээг хэт их авч байгаа хүмүүсээс судалгааг авахад 68 хувь нь дангаараа ундаанаас авдаг гэх тооцоолол бий. Тус хуулиар татварын орлого олох бус эрүүл мэндийн салбарын зардлыг бууруулах, монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалахад чухал чиглэсэн хууль юм. Чихэрлэг ундааны татварыг нэмснээр үнэ нь нэмэгдэх болно. Дэлхийн улс орнууд чихэрлэг ундааны асуудлыг үнээр зохицуулж байгаа. Хүүхдүүд аль болох үнэтэй чихэрлэг ундаа авах бус аль болох хямд чихэр багатай ундаа руу шилжилт хийх болно. Бид хуулийн төслийг 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлэхээр оруулж байгаа. Энэ хугацаанд хуулийн хэлэлцүүлэг болон ард иргэдэд таниулах сурталчилгаа хийх болно.
УИХ–ын гишүүн Д.Сарангэрэл: Өнөөдөр монгол хүний эрүүл мэндийг бодох цаг хэдийнэ болсон байна. Жилд 10000 орчим хүнээ хоёрхон өвчнөөр алдаж байна. Үүний 6000 гаруй хүнийг зүрх судасны өвчин, 4000 хорт хавдраар алдаж байна. Харамсалтай нь монгол хүн урьдчилан сэргийлэх боломжтой өвчний улмаас нас барж байгаа нь эмгэнэлтэй байна.
Судалгаагаар зургаан настай хүүхдүүдийн 6 хувь нь таргалалт, 28 хувь нь илүүдэл жинтэй болсон байна. Монголчуудын дунд одоо илүүдэл жин, таргалалтын асуудал хурцаар яригдаж байна. Иймд бид ялангуяа хүүхдүүд рүү чиглэсэн, тэдний хамгийн их хэрэглэдэг чихэрлэг ундааг ярих хэрэгтэй болж байна.
Хуулийн заалтаар 100 гр ундаанд 5 граммаас дээш чихэрлэгтэй ундаанд татвар ногдуулах болно. Харин 5 гр-аас доош байвал татвар ногдуулахгүй.
УИХ–ын гишүүн Т.Доржханд: Бид онцгой албан татвар ногдуулна. Анхны төсөөллөөр бол 20 хувь ногдуулахаар болж байна. Өөрөөр хэлбэл 1000 төгрөгний чихэрлэг ундаа 1200 төгрөг болно. Үүнд хүлээгдэж байгаа орлогын төсөөлөл 98 орчим тэрбум төгрөг байна. Цугларсан энэ мөнгөөр сургуулийн цэвэр усны хүрэлцээ хангамжыг нэмэгдүүлэх болон бусад чиглэлээр ажиллах болно. Хууль хэрэгжиж хэлснээр нийлүүлэлт буурах болно. Энэ бол сайн зүйл.