Дэлхийн эдийн засгийн агуу хямралын үеэр (1929-1935) АНУ-д “Бүжгийн марафон” хэмээх зүйл дэлгэрч, америкчууд хэнээрхэлд австан байлаа.
Энэ марафон олон цаг, өдөр, заримдаа сараар үргэлжилдэг байв. Хэн нь удаан бүжиглэхээ шалгаруулдаг нэг ёсны марафон байсан юм. Ядарч цуцсан хүмүүс арай ядан хөдлөн, бүжиглэж байхдаа хоол идэн, унтаж, арай л бие засаж байсангүй.
1929 оны Хөрөнгийн биржийн дампуурлаас үүссэн ажилгүйдэл, ядуурал улс орныг туйлд нь хүргэсэн байв.
Дөрвөн хүний нэг нь ажилгүй болж, 1935 он гэхэд АНУ-ын банк, компанийн тал хувь нь хоосорсон байлаа. Олон сая хүн ажил хайн, гудамжинд дээрэм, хулгай тасрахгүй.
Энэ үед гарч ирсэн “Бүжгийн марафон” олон хүний хувьд мөнгө олох цорын ганц арга болсон бол нэг хэсэг нь бусдыгаа харж, стрессээ тайлах гэж ирж байв.
Хамгийн анхны бүжгийн марафон 1923 оны гуравдугаар сарын 30-нд Нью-Йоркт болсон Audubon Ballroom Marathon байлаа. Энд 27 цаг тасралтгүй бүжиглэсэн Альма Каммингс түрүүлж байлаа. Удалгүй бүжгийн марафон маш ашигтай бизнес болон хувирсан юм.
Унатлаа ядарсан нэгнээ харж, таашаал авдаг хүний муухай зан чанар дээр энэ бизнес тогтож байжээ. Бүжгийн марафоноор эмч, үйлчлэгч, сувилагч, хөгжимчин, хамгаалагч гээд маш олон хүн хоолоо олж идэж байв.
Харин оролцогчид нь тэмцээнд түрүүлнэ гэсэн найдлага тээнэ. 1934 оны West Palm Beach Marathon-д 3600 цаг тасралтгүй бүжиглэсэн Жун Ховикийг Холливудад урьж байсан гэхээр бүжгийн марафон ямар их анхаарал татдаг байсан нь мэдэгдэнэ.
Хоол идмээр байвал бүжгийн талбайд тэргээр авчирна. Бүжиглэж байхдаа иднэ.
Хамгийн удаан хөл дээрээ тогтсон, хамтрагчаа унагаалгүй барьж үлдсэн нь ялна. Түүнээс бүжиг ямар байх нь сонин биш, нэг газраа дэвслээд зогсож байсан ч болно. Зарим марафонд ядарсан хамтрагчаа сольж болдог байв.
Тэмцээнд хөтлөгч буюу Master of Ceremony чухал үүрэгтэй. Гол зорилго нь үзэгчдийг баясгах, бүжигчдэд шинэ даалгавар бодож олох.
Дерби хэмээн нэрлэгдсэн даалгавар их гарч ирдэг байсан нь хэдэн зуун цагийн дараа бие сэтгэлийн бүрэн ядаргаанд орсон “тамирчдыг” талбайн хажуугаар гүйлгэдэг байв. Мөн хоёр цаг тутам тодорхой нэгэн бүжгийн ая тавьж, нэг төрлийн бүжгээр өрсөлдүүлнэ.
Сайн хөтлөгч хатуу чанга, хүн өрөвдөх сэтгэлгүй байх ёстой.
Энэ ажлаас Холливудад дэвшсэн Ред Скелтон, Лорд Бакли зэрэг жүжигчид бий. Тэмцээний танхим үргэлж үзэгчээр дүүрэн. Тасалбар хямдхан, ердөө 10-25 цент. Хөлбөмбөгийн тоглолт үзэж байгаа мэт хайртай бүжигчнээ дэмжин хашгарна.
Ер нь бүжгийн марафон Хөгжимт жүжиг мэт зугаа цэнгэлийн нэгэн хэсэг байлаа.
Заримдаа зохион байгуулагчид хуурамч “бүжигчин” тэмцээнд оруулж, санаатайгаар зодоон өдөөнө. Үзэгчдэд зориулсан “нэмэлт үйлчилгээ” гэхэд болно. Маш олон хүн эмэгтэйчүүдийн зодоон л үзэх гэж билет худалдан авч байв. Зарим үед үзэгчдийн захиалгаар “тамирчид” бүжиглэж байхдаа дуу дуулна. Бүжигчин хосууд хоорондоо гэрлэхэд зохион байгуулагчид хөхүүлэн дэмжинэ. Тэдний хуримын хувцас, бөгж, лам санваартны зардлыг төлөн, бүжиглэж байхад нь ёслол хийнэ.
Олон цаг бүжиглэх нь эрүүл мэндэд хортой гэдэг ойлгомжтой. Хэд хэдэн оролцогч бүжгийн талбай дээр амьсгал хураасан ч бүжигчид зогссонгүй, оролцсоор л байв.
Өөр мөнгө олох ажил байхгүй үе шүү дээ. Олон цаг бүжиглэсэн хүний нүдэнд хий юм харагдаж эхлэнэ. Нохой хөөж байна гэж хашгаран гүйх бүжигчнийг хараад хүмүүс баярлан хөөрнө. Ёстой л цэнгэл дээ. Тэмцээн дууссаны дараа маш олон хүн үхсэн. Нойргүй олон цаг бүжиглээд комонд орсон хүмүүс комноосоо гарахгүй байсаар “өнгөрнө”. Мөнгөгүй тул эмчийн тусламж авч чадахгүй.
1932 оны зургаадугаар сарын 6-наас 11 дүгээр сарын 30 хүртэл Атлантик-Ситид үргэлжилсэн Million Dollar Steel Pier Marathon хамгийн удаан бүжгийн рекорд амжилт тогтоосон юм.
1000 ам.долларын шагналын төлөө ялагч 4152 цаг, 30 минут зогсолтгүй бүжиглэсэн байдаг.
1930-аад оны сүүлээр зарим муж бүжгийн марафоныг цуст бизнес хэмээн нэрлэж, хориглолоо. Гэхдээ дэлхийн хоёрдугаар дайны эхэн хүртэл бүжгийн марафон явагдсаар байсан юм.
Энэ тэмцээний талаар өгүүлсэн ганц кино байдаг нь найруулагч Сидней Поллакийн 1969 онд бүтээсэн They Shoot Horses, Don’t They? юм. Хэрэв та энэ нийтлэлийг уншсан бол киног бас үзээрэй. Энэхүү кино эх зохиолоосоо маш зөөлөлсөн гэдгийг ойлгоорой. Киног нь үзсэн бол та Хорас Мак-Койн 1935 онд бичсэн зохиолыг нь бас уншаарай.
Орчин үед ч бүжгийн марафоныг сэргээх оролдлого олон гарч байгаа. Гэхдээ тодорхой хугацааны дотор, өөрөөр хэлбэл 24 цаг, 12 цаг гэж тогтсон цагт тэмцээн зохион байгуулж байна.