Хоёрдугаар сарын 24-ний өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “тусгай цэргийн ажиллагаа” явуулах тушаал өгч, улмаар Оросын арми хөрш оронруугаа довтолсноос хойш дэлхийн улс орнууд ээлж дараалан эдийн засгийн хориг арга хэмжээ тавьж, энэ хоригуудаа чангатгасаар байгаа юм. ОХУ өдүүлсэн дайнаа зогсоох хүртэл барууны орнууд хориг арга хэмжээгээ цуцлахгүй хэмээн мэдэгдэж байгаа бол эдгээр хоригууд нь дайн зогсоохоос өөр зорилготой гэж Оросын улс төр судлаач үзэж байгаагаа илэрхийлжээ.
Барууны бодлого нь Украинд байлдааны ажиллагаа зогсооход биш харин иргэдэд хориг арга хэмжээгээр дарамт учруулах замаар Оросын эрх баригчдыг түлхэн унагахад чиглэгдсэн гэж Оросын улс төрч судлаач Сергей Марков үзэж байгаа аж.
“Барууны орнууд Украины нутаг дэвсгэрээс Оросын цэргүүдийг гаргахын төлөө биш харин Владимир Путинийг түлхэн унагахын төлөө л ажиллаж байгаа юм. Тиймээс тэд Оросын хүн ам ноцтой хохирол амсаасай гэж хүсэж байгаа. Энэ хоригийн улмаас манай амьдралын төвшин буурч, олон асуудал гарна шүү дээ” хэмээн Макров 360 телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Түүнчлэн ОХУ-ын иргэдийг түгшүүр автуулах зорилгоор алан хядах ажиллагааны арга ч ашиглаж магадгүй гэж тэрбээр үзэж байгаа гэнэ.
“Тэд Оросын нутаг дэвсгэр дээр алан хядах ажиллагаа үйлдээд, дараа нь өөрсдийгөө зөвтгөх гэж Орос улс иргэдээ хөнөөж байна гээд л зарлана” хэмээн улс төр судлаач үзэж байгаа аж.
Эргэн сануулахад, Орос, Украины сөргөлдөөн хоёрдугаар сарын 24-ний өдөр эхэлсэн. Үүнээс өмнө, хэдэн сарын туршид ОХУ Украины хил орчимд цэргийн хүчээ татан төвлөрүүлж, олон сар цэргийн сургуулилалт хийж байлаа. 2021 оны 10 дугаар сараас эхлээд л барууны хэвлэлүүдээр “ОХУ Украин руу халдах гэж байна” гэсэн мэдээлэл гарч байсан ч ОХУ тухай бүрт үүнийг үгүйсгэж, барууны тагнуулын мэдээллийг шоолж, “Орос улс нутаг дэвсгэр дээрээ цэргүүдээ чөлөөтэй шилжүүлэн байрлуулах эрхтэй” хэмээж байв.
Орос Украин руу халдахаар бэлтгэж байгаа талаарх мэдээлэл тасралтгүй гарч, Оросын тал үүнийг үгүйсгэсээр байсан ч энэ оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Путин Украинаас салан тусгаарласан Луганск, Донецкийн бүгд найрамдах улсуудыг хүлээн зөвшөөрч, тэднээс ирүүлсэн хүсэлтийн дагуу “тусгай цэргийн ажиллагаа” гэх нэрийн дор Украин руу халдсан юм. Украиныг цэрэггүйжүүлэх зэрэг хэд хэдэн зорилго бүхий энэ “ажиллагаа”-аар гагцхүү цэргийн объектуудыг устгана, энгийн иргэдэд хохирол учруулахгүй гэж Оросын тал мэдэгдэж байсан ч байлдаан эхэлсэн эхний өдрүүдээс л суурин газруудад цохилт өгч, энгийн иргэд олноор амиа алдсаар байгаа аж.