Зуун наст нь хүний биед шаардлагатай 22 амин хүчлийн 20-ийг нь өөртөө агуулсан байдаг юм. Тиймдээ ч өдгөө айл бүр үүнийг гэртээ тарьж ургуулан гоо сайхан, эрүүл мэнддээ ашиглах болсон билээ. Шарх сорвийг эдгээж, арьсыг толигор зөөлөн болгох шидтэй гээд зуун настын гайхалтай ашиг тусыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэсэн юм.
1. Хөгшрөлтийг удаашруулна
Цаг хугацааны аясаар нүүрэнд үрчлээс тогтож, арьс суларч эхэлдэг. Гэвч үүнтэй тэмцэж, биднийг хөгшрөлтөөс хамгаалаг хамгийн хүчтэй зэвсэг бол зуун наст юм. Зуун наст нь А,В,С, Е зэрэг витаминаар баялаг төдийгүй шаардлагатай амин дэмийг арьсанд шингээж, мөнхийн залуу байлгах тустай аж. Ингээд танд зуун настын маск бэлтгэх аргыг дуулгая.
- 1 халбага зуун настын шүүс
- 1 халбага овьёосны гурил, тал халбага оливын тос
- Орцнуудаа хольж нэгтгэн, нүүр болон хүзүүндээ жигд түрхэнэ.
- 30 минутын турш амарч, маскаа нүүрэндээ шингээнэ.
- Дараа нь чийгтэй гараар нүүрээ зөөлөн үрж, арьсныхаа үхэжсэн арьсыг арилгах хэрэгтэй.
- Эцэст нь нүүр болон хүзүүгээ хүйтэн усаар угааж, цэвэрлээрэй.
- Энэхүү маскыг долоо хоногт нэг удаа бэлтгэж, хэрэглэнэ.
2. Арьсыг чийгшүүлнэ
Чийгшил сайтай арьс нь өнгөлөг, толигор харагддаг. Харин таны арьсыг үргэлж гоё сайхан харагдахад туслах зүйл бол мэдээж зуун наст буюу алоё юм. Энэ нь арьсны pH балансыг тогтворжуулж, арьсанд хангалттай хэмжээний чийгшлийг бэлэглэдэг аж.
- Зуун настын навчыг хальсалж шүүсийг гаргаж авна.
- Үүнийгээ нүүр, хүзүү гэхчлэн биеийн хэсгүүддээ тараан түрхэнэ.
- Та орой бүр унтахын өмнө зуун настын шүүсийг ашиглаж нүүр биендээ массаж хийснээр зөөлөн булбарай, толигор арьстай болно.
3. Батга арилгана
Зуун настыг тариалахад маш хялбар тул гэртээ ургуулж, ашиглаж болох юм. Энэ нь янз бүрийн үрэвсэл, шархыг түргэн эдгээх шидтэй тул батгыг ч мөн эмчилж, сорвийг арилгадаг. Та зуун настаас бага зэргийг зүсч аван, шахаад шүүсээр нь нүүрэнд иллэг хийх хэрэгтэй. Орой бүр унтахаасаа өмнө түрхэж, угаах шаардлагагүй юм. Үүнээс гадна та зуун настын шүүсээр мөс бэлтгэж нүүрээ арчих боломжтой.
4. Наранд түлэгдсэн арьсыг эмчилнэ
Наранд түлэгдсэн нөхцөлд хамгийн ихээр тохирох арьс арчилгааны бүтээгдэхүүн бол зуун настын орцтой бүтээгдэхүүн юм. Энэ нь таны арьсны үрэвслийг намдааж, шарх, сорвыг түргэн эдгээж, гүн чийгшүүлэх үйлчилгээтэй. Зөвхөн нүүр гэлтгүй түлэгдсэн бүхий л хэсэгтээ түрхэж, арчлах боломжтой аж. Харин та гэртээ ч зуун настын арьс арчилгааны бүтээгдэхүүн бэлтгэж болно.
- Хоёр халбага зуун настын шүүсийг жижиг аяганд хийнэ.
- Дээр нь тал нимбэгний шүүсийг шахаж хийгээрэй.
- Дараа нь үүгээрээ наранд түлэгдсэн арьсандаа массаж хийж, 15 минут байлгана.
- Эцэст нь бүлээн усаар угааж цэвэрлэх хэрэгтэй.
5. Язралт арилгана
Хүүхэд төрүүлсэн эхчүүдийн толгойны өвчин болсон язралтыг зуун настын шүүсээр арилгаж, бүдгэсгэж болно.
- Ижил хэмжээний зуун настын шүүс болон усыг хольж бэлтгэнэ.
- Үүнийгээ язралттай хэсэгтээ түрхэж, 4-5 минутын турш иллэг хийгээрэй.
- Дараа нь 15-20 минут байлгаж хүйтэн усаар цэвэрлэх хэрэгтэй.
- Та өдөрт хоёр удаа тус маскыг бэлтгэж, массаж хийж байгаарай.
6. Будаг арилгагч
Та будгаа арилгах гэж үнэтэй болоод химийн найрлага, орцтой цэвэрлэгч худалдан авах шаардлагагүй. Ердөө л зуун настыг ашиглаж үр дүнтэй, хямд, 100 хувь байгалийн гаралтай нүүр цэвэрлэгч бэлтгээрэй.
- Хэдэн дусал зуун настын шүүсийг хөвөнд шингээж, нүүрээ арчина.
- Дараа нь нүүрээ усаар угааж, чийгшүүлэгч тос түрхээрэй.
7. Үс ургуулна
Зуун настын шүүс нь таны үсийг унахаас сэргийлж, чийгшүүлэхийн зэрэгцээ хурдан ургуулдаг байна. Үүнээс гадна энэ нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул хуйхны арьсыг эрүүлжүүлж, хагны эсрэг тэмцдэг юм.
- Хоёр халбага зуун настын шүүсийг бэлтгэнэ.
- Үүндээ нэг халбага оливын тос хийнэ.
- Тус бэлдэцээ үсэндээ жигд түрхэж, массаж хийгээрэй.
- Үсээ угааж зайлалгүй хонуулж, өглөө нь бүлээн усаар угаана.
- Долоо хоногт хоёр ба түүнээс дээш удаа тус аргыг хэрэглэж болно.
8. Шарх сорвийг эдгээнэ
Шавьжинд хазуулсан, түлэгдсэн, зүссэн гэхчлэн төрөл бүрийн шарх сорвийг зуун настын шүүсээр эмчилж болдог. Энэ нь судалгаа шинжилгээ төдийгүй амьдрал дээр ч батлагдсан юм.
- Зуун настын навчийг тасдаж, шүүсийг нь гаргана.
- Үүнийгээ хөргөгчинд 10-15 минут байлгах хэрэгтэй.
- Дараа нь шүүсээ асуудалтай хэсэгтээ түрхэж орхино.
- Өдөрт 2-3 удаа шархандаа зуун настын шүүсийг түрхэх ёстой юм.
9. Хагарсан өсгийг эмчлэх
Хөл хуурайших, өнгөө алдах, хагарч сайртах нь чийгшил дутсанаас болдог юм. Тиймээс та хөлөндөө чийгийг харамгүй өгөх хэрэгтэй. Харин хангалттай чийгшил өгч, эмчлэх зүйл бол яалтчгүй зуун наст билээ.
- Дөрвөн халбага зуун настын шүүс бэлтгэнэ.
- Дээр нь 1/2 аяга овьёосны гурил, 1/2 аяга энгийн гурил хийнэ.
- Орцнуудаа сайтар хольж бэлтгэнэ.
- Үүнийгээ хагарсан өсгийндөө түрхэж, 10 минут байлгах хэрэгтэй.
- Эцэст нь бүлээн усаар зайлж цэвэрлэнэ.
- Долоо хоногт 1-2 удаа тус аргыг ашиглаж болно.
10. Уруул зөөлрүүлнэ
Хатаж, хуурайшсан уруулыг эмчлэхэд зуун наст хэрэг болно. Ингэхдээ багахан зуун настын шүүсийг урууландаа түрхэж, хоноход л хангалттай юм. Энэ нь таны урууланд чийгшэл өгч, зөөлөн булбарай болгох шидтэй билээ.