ЭХ СУРВАЛЖ: FORTUNE.COM
АНУ-д ирж буй гадаадын аялагчдаас Covid-19 халдварыг илрүүлэх PCR шинжилгээний сөрөг хариу бүхий бичиг эсвэл өвдөөд эдгэрснийг батлах баримт шаардахаа больсон тухай тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ. АНУ-д ирж буй зорчигчдыг сөрөг хариу бүхий шинжилгээний бичиг, өвдөөд эдгэрснийг батлах баримт мөн вакцинжуулалтын гэрчилгээнд үндэслэн нэвтрүүлэх журмыг өнгөрсөн Ням гаригаас эхлэн цуцлагдсан болохыг тус агентлаг албан ёсны цахим хуудастаа нийтэлжээ. Тус журам өнгөрсөн 2021 оны нэгдүгээр сараас хойш хэрэгжсэн юм.
Гэхдээ гадаадын аялагчид АНУ-д нэвтрэхдээ Covid-19 халдвараас сэргийлэх вакцинжуулалтад хамрагдсаныг нотлох гэрчилгээг заавал үзүүлэх хэвээр аж.
Америкчуудын вакцинжуулалтад хамрагдсан идэвх, вакцины үр нөлөө, сүргийн дархлаа зэрэгт үндэслэн цар тахлыг дарах оролдлого шинэ шатанд хүрсэн гэж тус байгууллагаас дүгнэж, дээрх шийдвэрийг гаргажээ. Өнгөрсөн Ням гаригийн байдлаар АНУ-ын хүн амын 78 орчим хувь нь вакцинжуулалтад хамрагдсан бөгөөд 58 орчим хувь нь ядаж нэг удаа Covid-19-өөр өвдөөд эдгэрсэн аж.
Омикрон хувилбар нь дархлаанаас зайлсхийх чадвартай гэдгээрээ анхаарал татаж байсан. Ялангуяа, “BA.4” болон “BA.5” дэд хувилбар нь илүү халдварламтгай гэж тооцогдсон. Эдгээр дэд хувилбар нь АНУ-д сүүлийн хоёр долоо хоногт нийт өвчлөгсдийн 5 болон 8 хувийг эзэлж байгааг судалгаагаар тогтоожээ. Гэсэн ч вакцинжуулалт нь цар тахлаар хүндээр өвчлөх, нас барах эрсдлийг бууруулж байгаа нь нотлогдсон гэдгийг Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс онцолжээ.