Булган аймгийн ИТХ Бүрэгхангай сумын “Нархан” цэцэрлэгийг хүүхдийн нэрт зохиолч Жамбын Дашдондогийн нэрэмжит болгох шийдвэр гаргалаа.
Гавъяат үйлстний алдрыг мөнхжүүлэх, олон нийтэд сурталчлахыг тус сумын Засаг дарга М.Бадамд даалгасан байна. Монгол Улсын Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон “Алтан унага” шагналт хүүхдийн зохиолч Ж.Дашдондог дунд сургуулийн сурагч байхдаа “Аргатай хүү” номоо хэвлүүлснээс хойш хүүхдийн уран зохиолын олон шилдэг бүтээл туурвиж, 100 гаруй ном хэвлүүлжээ. Тэрээр “Аав Ээж Би”, “Морьтой үлгэр”, “Чулуун домог”, “Өргөө”, “Аранзал зээрд”, “Гурван марал” зэрэг бүтээлээрээ хүүхдийн яруу найргийн шинэ хэлбэрийг буй болгосон бөгөөд 33 ном нь хилийн чанадад хэвлэгдсэн байна.