БНСУ-ын Янгсан хотын нэр бүхий дунд сургуульд суралцдаг монгол охиныг сургуулийнх нь үе тэнгийн хүүхдүүд зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган өрөөнд хорьсон хэргийн тухай мэдээлэл 2021 арванхоёрдугаар сарын 02-ны өдөр Өмнөд Солонгосын MBC телевизийн сувгаар цацагдсан юм. Тэгвэл тус хэрэгтэй холбоотой шүүх хурал өнөөдөр болж, хэргийг үйлдсэн охидыг тус бүр хүүхдийн хорих ангид ял эдлүүлэхээр болсон байна.
Энэ талаар БНСУ дахь Гадаад иргэдийг хамгаалах ТББ мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд “БНСУ-д өнөөдөр 13 настай Монгол охиныг зургаан цагийн турш бүлэглэж зодсон Солонгос дөрвөн охиныг яллах шүүх хурал амжилттай боллоо. БНСУ-ын Ульсан хотын прокурорын зүгээс 2021 оны арваннэгдүгээр сарын 27-нд яллагдагч 2 охиныг насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ялаас чөлөөлж, үлдсэн 2 охиныг эцэг эхийн хяналтад байлгах ял шийтгэлийг төлөвлөсөн байсан. Тиймээс манай байгууллагын зүгээс хохирогч охины эцэг эхийн хамт БНСУ-н хэвлэл мэдээлэлд гомдол гаргасан.
Үр дүнд SBS, MBS, JTBC зэрэг телевиз шудрага үнэний талд зогсож өгсөний хүчинд уг хэрэг Солонгос улс даяар цацагдаж, БНСУ-н Ерөнхийлөгч, ЦЕГ, Хүний эрхийн өмгөөлөгчийн эрчимжүүлсэн ажиллагааны дор дөрвөн Солонгос охидод тус бүр хүүхдийн хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг тогтоолоо. Шудрага үнэний төлөө хандив өргөж БНСУ-н ерөнхийлөгчийн самбарт саналаа өгч, эрүүл зөв аргаар бидэнтэй хамт тэмцсэн Монголчууддаа баярлалаа” хэмээн бичсэн байна.