Тус аймаг дахь Шүүхийн тамгын газар харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайль үсгийн баримтыг шүүхийн үйлчилгээний хэсэгт байршуулжээ.
Иргэд захиргааны байгууллагатай чөлөөтэй, нээлттэй харилцаж, гаргах шийдвэрт нь саналаа тусгуулж, ямарваа шударга бус үйлдлээс хуулиар баталгаажсан эрхээ хамгаалуулах нь чухал. Нөгөө талаас захиргааны байгууллага ийм нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Иймд нийгмийн зорилтод бүлэгт чиглэсэн үйл ажиллагааны хүрээнд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайль үсгийн нэхэмжлэлийн загвар, бусад загвар маягтыг хэвлүүлэн шүүхийн үйлчилгээний хэсэгтээ байршуулсан байна.
Завхан аймагт харааны бэрхшээлтэй 335 иргэн амьдардаг бөгөөд тухайн иргэд бусдын тусламжгүйгээр шүүхийн үйлчилгээг авах боломжийг бүрдүүллээ гэж Завхан аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлэв.