Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хоёр байршилд ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулжээ.
Завхан аймгийн Засаг даргын нөөц сангаас 30 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэснээр Отгонтэнгэрийн дархан цаазат газарт аялагчдын хамгийн их зорин очдог гол цэгүүдэд ариун цэврийн байгууламжийг барьж ашиглалтад оруулсан байна.
Эдгээр байгууламжууд нь Отгонтэнгэр уулын өвөр хэсэгт байршсан. Хөрсөнд нэвчилтгүй, агааржуулагчтай соруулах шийдлээр хийгдсэн стандартын шаардлагад нийцсэн байгууламж юм гэж Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэв.
Ташрамд, жилд 15 мянга орчим дотоод, гадаадын аялагч, жуулчид Отгонтэнгэр уулыг зорьж очдог бөгөөд тодорхой хэмжээний хураамжийг тус газар нутгийн тохижилт, хамгаалалтын ажилд зарцуулахаар авдаг байна.