Тус аймагт тогтоосон хатуу хөл хорионы дэглэмийг бууруулахгүй гэж аймгийн Онцгой комисс мэдээлэв.
Учир нь тус аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж аймгийн Онцгой комиссоос 9 дүгээр сарын 19-ний өдрийн 21.00 цагаас эхлэн орох, гарах хөдөлгөөнийг зургаа хоног хязгаарлах шийдвэрийг гаргасан.
Өнөөдөр аймгийн Онцгой комисс дахин хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.
Аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн мэдээлснээр, тарваган тахал өвчний эмнэл зүйтэй өвчтөний нэгдүгээр хавьтлын 41 иргэнийг олж тогтоон хяналтдаа бүрэн авсан. Эдгээр иргэдэд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй, биеийн байдал сайн байгаа гэв. Харин тарваган тахал өвчний эмнэл зүйтэй өвчтөний биеийн байдал сайнгүй байгааг аймгийн Нэгдсэн эмнэлгээс өглөө.
Тиймээс мэргэжлийн байгууллагуудын мэдээлэл, санал зөвлөмжид үндэслэн, 72 цагийн хугацаанд шинжилгээний эцсийн хариу бүрэн гартал буюу энэ баасан гаргийн 16.00 цаг хүртэл 72 цагийн хугацаанд тогтоосон дэглэмээ бууруулахгүй.
Харин эрүүл мэндийн болон амь насны заалттай, зайлшгүй хүндэтгэх шалтгаантай иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч гарах. Харин нэгдүгээр хавьтлын 41 иргэнийг зургаа хоногийн хугацаанд хатуу хөл хорионд байлгана гэж шийдвэрлэлээ.
Тарваган тахал нь олон улсын хөл хориот, байгалийн голомтот халдварт өвчин юм. Тиймээс Улиастай сумаас гарах, Яруу сумаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарласан дэглэмийг бууруулахгүй шийдвэрийг гаргалаа гэв.