Тус аймгийн төв Улиастайд 120 гаруй тариаланч газар тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг.
Эдгээрийн 70 гаруй хувь нь Завханы брэнд улаан хальст саримсыг тариалдаг. Тэгвэл энэхүү саримсыг тариалдаг газар тариалан эрхлэгчид нийлж хоршоо байгуулжээ. Энэ талаарх тодруулгыг Улиастай саримс дундын хоршооны тэргүүн Д.Отгонбаяр асууж тодруулав.
-Дундын хоршоо байгуулахын давуу тал нь юу юм бол? Яагаад нийлж хамтарч ажиллахаар болов?
-Завхан аймгийн улаан хальст саримс тариалалтын хэмжээ сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгаа. Энэ хэрээр тариаланчид өөрийн тарьж ургуулсан саримсаа зарж борлуулахын тулд тус бүрдээ өөр төрлийн сав баглаа боодолтой, саримсыг зах зээл дээр гаргаад байна. Энэ нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна. Харин дундын хоршоо болж нэгдэж чадсанаар нэгдсэн нэг сав баглаа боодолтой, нэг борлуулалтын системийг бий болгож, саримсыг технологийнх нь дагуу тарьж ургуулж, эрүүл ахуйн чанартай баталгаатай бүтээгдэхүүнийг иргэдэд хүргэх давуу талтай болох юм. Тиймээс л тариаланчид нэгдэж хоршоо байгуулаад буй юм.
–Хоршоонд нь нийт хэчнээн тариаланч байна вэ?
-Улиастай саримс дундын хоршоонд найман хуулийн этгээд буюу зургаан хоршоо, хоёр аж ахуйн нэгж нэгдсэн. Өөрөөр хэлбэл саримс тариалдаг 60 гаруй тариаланч нэгдэж хоршоо байгууллаа. Бид хоршооны дүрмээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Ер нь хоршоо бол мөнгө өсгөдөг ашиг хуримтлуулдаг ашгийн төлөө байгууллага огтхон ч биш. Харин хоршоо бол хүмүүс хамтран нийгэм эдийн засаг соёлынхоо нийтлэг хэрэгцээг хамтран хангахын төлөө хүн бүр оролцож хүний капиталаа нийгмийн капитал болгож бүтээдэг ашгийн төлөө бус байгууллага юм.
Хоршоололд өрсөлдөхийг биш хамтран ажиллаж амьдрахыг сонгосон хүмүүс л хамрагддаг. Хоршооны соёл бол бусдадаа тусламжийн гараа сунгаж хамтран ажиллахад л оршдог. Тиймээс хоршоо оршин тогтнох өсөн дэвжих гол зүйл бол эв санаа эв нэгдэл итгэлцэл юм.
Иймээс л манай тариаланчид хоршоог хамтдаа хөгжих, хамтдаа бизнесээ өргөжүүлэх боломж гэж үзэж буй юм.
Монгол улсын Хоршооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д хоршоог: “Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан хамтын, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ” гэж тодорхойлсон байдаг шүү дээ.
-Танай хоршооны улаан хальст саримсны энэ жилийн тариалалт, ургац хураалт хэр байна?
-Улаан хальст саримс тухайн жилийн цаг уурын онцлогоос хамаараад ургалтад нөлөөлдөг. Энэ жил бороо хур сайн байсан тул саримс сайхан ургасан. Энэ жил хоршооны тариаланчид маань ойролцоогоор 5 га талбайд тариалалт хийж, 20 тонно орчим саримс хураан авсан байна.
-Тариаланчид саримсаа тухайн зах зээлийн үнээр борлуулдаг. Тэгвэл хоршооны хувьд нэгдсэн нэг үнийн бодлого барих уу?
-Тийм ээ. Бид дундын хоршооны нэгдсэн борлуулалтын систем үүсгэж ажиллаж эхэлж байна. Аймаг орон нутаг болон Улаанбаатар хотод нэг ижил үнээр борлуулах. Үнийн хөөрөгдөл үүсгэхгүйгээр нэгдсэн нэг үнээр борлуулахад анхаарч ажиллаж байна.
Борлуулалтын сувгаа аль болох худалдан авагчийн гар дээр хүргэх зорилгоор сүлжээ дэлгүүрүүдтэй гэрээ байгуулаад байгаа. Өнөөдрийн байдлаар E-март худалдааны төвтэй хамтран ажиллахаар ярилцаж байна.
Энэ жил 1кг саримс 50000 төгрөгөөр худалдаж байна. Өмнө нь тариаланчид өөрсдийн үнэлгээг тогтоож зах зээлд улаан хальст саримс янз бүрийн, харилцан адилгүй үнэтэй борлуулдаг байсан. Харин манай хоршоо энэ жилээс үнийг тогтвортой барих бодлого барьж ажиллах юм.
-Танай тариаланчид шинэ сорт тариалах, ургацаа нэмэгдүүлэх тал дээр хэрхэн хамтардаг вэ?
-Завхан аймгийн улаан хальст саримс нь улсын нэгдсэн бүртгэлийн санд “Улиастай сорт” нэрээр бүртгэлтэй байдаг. Дундын хоршооны зүгээс сортын чанарыг сайжруулж иргэдэд чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх зорилго тавьж байна.
Жишээлбэл, бид ХААЗД стандартыг тариалалт, хадгалалт, тээвэрлэлт гээд бүх шатанд хэрэгжүүлж байна. Ямар нэгэн химийн бодис хийхгүй зөвхөн малын бууцаар бордон цэвэр органик ургамлыг тариалж байна.
Ер нь хөдөө аж ахуйн зохистой дадлыг манай тариаланчид амьдрал дээрээ хэрэгжүүлж яваа боловч бүртгэлжүүлэн баталгаажуулаагүй болохоор бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд хүндрэлтэй байдаг.
Тиймээс Хөдөө аж ахуйн зохистой дадлыг албан ёсоор нэвтрүүлж, ногооны үйлдвэрлэл эрхэлдэг ногоочдод эрдэс бордоо, ургамал хамгааллын бодис, технологийг зөв хэрэглэх, зах зээлд хүчтэй өрсөлдөх боломжийг олгох нь зөв гэж “Монгол ногоо” төслийнхөн үзэж буй юм билээ.
Ер нь саримсаас хаягдал бараг гардаггүй шүү. Саримсаа дангаар нь борлуулах, саримсныхаа голыг нь даршлах, саримсаараа спиртэн хандмал хийх гээд манай аймгийнхан улаан хальст саримсаа жижиг дунд үйлдвэрлэлийн чиглэлээр олон төрлийн бүтээгдэхүүн болгож, зах зээл дээр гаргаж чадаж байгаа нь сайшаалтай.
-Газар тариалангийн үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж байгаа гэлээ. Тодруулахгүй юу?
-Манай хоршоо өнгөрсөн наймдугаар сард хөдөө аж ахуйн зохистой дадлын тэмдэг шинээр авсан.
Хөдөө аж ахуйн зохистой дадал гэдэг нь газар тариалангийн үйлдвэрлэлийн аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх явцад эрүүл, аюулгүй байдлыг хангах зохистой арга хэмжээнүүдийг хэрхэн мөрдөж байгааг итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын мэргэжилтэн баталгаажуулж, баримтжуулах цогц арга хэмжээ юм.
Энэ дадлыг хүнсний чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгч өөрийн үйл ажиллагааны төрлөөс хамааруулан нэвтрүүлнэ гэж “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуульд 2015 онд заасан байдаг юм билээ.
Харин 2019 онд “Жимс, хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар”-ыг баталснаар хуулийг хэрэгжүүлэх боломж бүрдсэн юм билээ.
Ингээд 2019 оноос эхлэн хөдөө аж ахуйн зохистой дадлыг газар тариалангийн салбарт тэр дундаа төмс, хүнсний ногооны салбарт нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болж, олон улсын ISO стандартаар баталгаажуулдаг хувийн компанитай “Монгол ногоо” төсөл хамтран нэвтрүүлэх ажлыг баталгаажуулах үйл явцыг туршиж эхэлсэн байна.
“Монгол ногоо” төслийн хүрээнд хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх, баталгаажуулах үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд манай улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар баталгаажуулах эрх авсан байгууллага нэг буюу “ЭС ЭФ СИ ЭС” ХХК байна. Харин хөдөө аж ахуйн зохистой дадлын гэрчилгээ авсан аж ахуй нэгж, иргэдийн тоо 40 гаруй байдаг юм байна. Үүний нэг нь манай Улиастай саримс дундын хоршоо юм.
Зохистой дадал нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх, зохистой дадлын тэмдэг бүхий бүтээгдэхүүний борлуулалт, хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор тариаланч болон хэрэглэгчдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх. Түгээн дэлгэрүүлж чадсанаар иргэд эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх бүрэн боломжтой болох юм.
Жишээлбэл та Улиастай саримс дундын хоршооны QR кодыг гар утсаараа уншуулахад манай Хөдөө аж ахуйн зохистой дадлын гэрчилгээ гарч ирнэ. Эндээс та хаана, ямар технологоор, тариалалт хийсэн, ямар тариаланчийн тарьсан саримсыг хэрэглэх гэж байгаа, худалдан авах гэж байгаагаа мэдэж болох юм.
-Саримсны сав баглаа боодол дээр анхаарч байгаа байх?
-Тийм ээ. Дундын хоршоо байгуулагдаад Завхан аймгийн брэнд бүтээгдэхүүн болох улаан хальст саримс нэг өнгө төрх агуулсан нэг сав баглаа боодолтой зах зээл дээр борлуулах тал дээр хамтран ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар хоршооны лого, нэгдсэн сав баглаа боодлын шинэ загвар дээр санал хурааж байна. Энэ асуудлаа шийдчих юм бол хоршооны нэр дээр гарч байгаа бүх бүтээгдэхүүн нэг өнгө, загвартай баглаа боодолтойгоор хэрэглэгчдийн гарт очих юм.
-Тариаланчид хамтарснаар олон талын ач холбогдолтой гэж та хэллээ. Хөнгөлөлттэй зээлд хамрагдах, төсөл хэрэгжүүлэх боломжтой болох байх?
-Завхан аймгийн Улиастай сумын тариалангийн талбайг бүрэн ашиглаж тариалалтын хэмжээг нэмэгдүүлж Улиастай сум зөвхөн улаан хальст саримс тариалалтаар бусад аймаг сумдаас ялгарах хөгжих бүрэн боломжтой гэж хардаг юм.
Мэдээж тариалалтын хэмжээг нэмэгдүүлэхийн тулд бид бүх үйл ажиллагааг тоног төхөөрөмж ашиглан хийх хэрэгтэй. Одоогийн нөхцөл байдалд бид тариалалтын үйл ажиллагааг гар аргаар хийж байгаа. Хөнгөлөлттэй зээл тусламж маш их хэрэгтэй байна. Төрөл бүрийн төсөл хөтөлбөрт хамрагдаж байж бид амжилтад хүрэх боломжтой.
Тиймээс олон улсын болон төрөөс барьж буй бодлогын хүрээнд зарлаж буй төсөл хөтөлбөрүүдэд хоршооны тариаланчид хамтран оролцоход бэлэн, төлөвлөгөө ч бий.
-“Завханы улаан хальст саримс” гээд энэ саримс маань нэлээд алдартай. Улаан хальст саримсны хэрэглээ, хадгалалт, ач холбогдлыг нь хэлж өгөхгүй юу?
-Улаан саримс нь эмчилгээний чухал ач холбогдолтой таримал ургамлын нэг. Ургамлын антибиотик хэмээн нэрлэгдэх фитонцидыг агуулдаг тул ханиад томуу, халдварт өвчнөөс сэргийлж, холестрин бууруулж, зүрх судас, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлдэг.
Мөн биеийн дархлааг сайжруулдаг төдийгүй нян, мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлж, хоолой, шүд, толгой, үе мөч, батга, хомхой, гэдэсний хорхой, шамбарам, бөөрний дутагдал зэрэг өвчнүүдийг эмчлэхэд ач тустай.
Түүнчлэн ходоод, түрүү булчирхайн хорт хавдрын эрсдлийг бууруулдаг шидтэй ургамал. Улаан саримсанд эфирийн тос, фермент, органик хүчил, нүүрс ус, уураг, кальци, төмөр, магни, фосфор, кали, натри, цайр, селен, манган агуулагдахаас гадна А, В, С амин дэмийн агууламж өөр сортоос өндөр агуулагддаг.
Эрдэмтдийн судалгаагаар улаан саримсны биологийн идэвхит бодисын агууламж нь БНХАУ-аас импортолдог цагаан саримсаас 6-9 дахин илүү өндөр агууламжтай болохыг тогтоосон байдаг. Тэгэхээр улаан саримс агууламж өндөр, хүний эрүүл мэндэд ашиг тус нь их гээд давуу тал олонтой ургамал юм.
Саримсны хадгалалт маш чухал байдаг. Манай аймагт нэгдсэн зоорь агуулах байдаггүй тул тариаланчид өөрсдөө бага хэмжээний агуулах барьж, саримсаа технологийнх нь дагуу хадгалж байна.
-Танд баярлалаа.