Идэр сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнууд дөрөвдүгээр түвшинд үнэлэгджээ.
2023 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр тус сургуулийн багш, ажилтнууд улс, аймгийн дунджаас дээгүүр буюу дөрөвдүгээр түвшинд үнэлэгдсэн байна.
Тус сургуулийн нийт 27 багш үнэлүүлснээс 20 багш I-IV түвшинд үнэлэгдсэн байна.
Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын гүйцэтгэлийн түвшнийг тогтоох зорилготойгоор өнгөрсөн тавдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн орон даяар 30000 гаруй багш нарт ажлын гүйцэтгэлийн үнэлгээг asuulga.eec.mn сайтаар хийжээ.
Дээрх үнэлгээгээр тухайлбал багшийн ёс зүйн тухай заалт болон сургуулийн орчин дахь стандартууд хэр мөрдөгдөж байгааг үнэлэх. Мөн сургалтын хөтөлбөрүүдэд заасан хүүхдийн багаар ажиллах, өөрийгөө илэрхийлэх чадвар зэрэг нь амьдрал дээр хэрхэн хэрэгжиж буй зэрэг сургууль дээр багшийн хэрэгжүүлж буй хөтөлбөр, тэдгээрийн үнэ цэнтэй холбоотой асуултуудыг эцэг, эхчүүдээс асууж үнэлсэн байна.
Ташрамд, 2022 он Боловсролын салбарын ёс зүйн жил байсан бөгөөд түүний хүрээн дэх бодлогын хэрэгжилт амьдрал дээр хэрхэн хэрэгжсэнийг үнэлж байгаа бөгөөд өндөр үнэлгээтэй багш нарт урамшуулал олгох аж.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө (2021-2030)-нд багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний тогтолцоог хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлын хүрээнд хөндлөнгийн үнэлгээний шалгалтыг зохион байгуулах асуудал тусгагдсан байгаа аж.
Өнгөрсөн жилийн тухайд улсын хэмжээнд 29324 багшид 1,3 сая хүн үнэлгээ хийсэн бөгөөд хамгийн өндөр гүйцэтгэлтэй буюу I түвшний 947 багш байсан бол V, VI түвшний 17000 багш байжээ.