Тус аймагт “Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулья” аяны үйл ажиллагааг хоёр дахь өдрөө зохион байгуулж байна.
Аян шинжлэх ухаан, инновацын соёлыг төлөвшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой. Мөн эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, гарааны компаниудын эрдэмтэн, судлаачдын бүтээл, бүтээгдэхүүн, соёлын өвийг орон нутагт хүргэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой аж.
Аяныг Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан технологийн сан, Монгол Улс дахь Нэгдсэн үндэстний байгууллага, Шинжлэх ухааны академи, Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд эрдэм шинжилгээний байгууллагын судлаач, эрдэмтдийн 40 орчим төлөөлөл Улаанбаатар хотоос оролцож байна.
Аяны хүрээнд, “Бүс нутгийн хөгжил, төлөвлөлт, гарц шийдэл” бодлогын хэлэлцүүлэг, “Засагт хан аймгийн Сартуул Сэцэн засгийн хошуу-түүх, соёл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал тус тус боллоо.
Инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн, “Миний анхны инженерчлэл” workshop, “Стартап менторшип” болон “SciCon-Завхан” шинжлэх ухаан, танин мэдэхүйн үйл ажиллагаанууд болж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Тухайлбал, инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэнд Хими, химийн технологийн хүрээлэн, Инкубатор, биологийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, ХААИС, Хөнгөн үйлдвэр судалгаа хөгжлийн хүрээлэн, Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн, Дулаан техник үйлдвэрийн экологийн хүрээлэн, “Гэртээ туршъя” хөтөлбөр, “Одь-Тан” ХХК, “Аргун” ХХК, “Шимт боловсрол” ХХК зэрэг байгууллага аж ахуйн нэгжүүд оролцож байна.
Үзэсгэлэнд ахуйн хэрэглээ, малын тэжээл, эмчилгээний бүтээгдэхүүн, эко био бэлдмэл, гоо сайхан, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, мэдээлэл технологи, боловсрол, уламжлалт эм тан, хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх бүтээгдэхүүнүүд дэлгэжээ.