Тус аймаг 2024 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Жалханз хутагт Ц.Дамдинбазарын 150 насны ой, Улиастайн сайд агсан Дилов хутагт Б.Жамсранжавын 140 насны ойг тэмдэглэн өнгөрүүлнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд, Жалханз хутагт Ц.Дамдинбазарын 150 насны ой, Улиастайн сайд агсан Дилов хутагт Б.Жамсранжавын 140 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ, түүх, судалгаа, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, залуу хойч үе, иргэдэд сурталчлан таниулахаар төсөв батлаад байна.
Түүх сөхвөл, Монгол улсын Ерөнхий сайд агсан Жалханз хутагтын 20-р дүр Цэрэнсодномын Дамдинбазарын түмэн өлзий гийсний 140 жилийн ой, Номч мэргэн егүзэр, Цорж, Самади багш, Дэмчиг бурханы хувилгаан Дилов хутагтын 7-р дүр Баашлуугийн Жамсранжавын түмэн өлзий гийсний 130 жилийн ойг тохиолдуулан 2014 онд тухайн үеийн аймгийн Засаг дарга Ж.Жамъянтивийн санаачилга, дэмжлэгээр хутагтуудын гэрэлт дүр, хөшөө дурсгалыг Улиастайн төв хойморт сүндэрлүүлж байсан аж.
Жалханз хутагт С.Дамдинбазар Дилов хутагт Б.Жамсранжав нарын энэхүү хөшөөг “Чандмань чулуу” ХХК-ын сийлбэрч, уран барималч О.Мягмарсүрэн нарын уран бүтээлчид бүтээсэн байна.
XX зууны Монгол төрийн зүтгэлтэн, бурхан шашны томоохон төлөөлөгч энэ хоёр эрхэм хүмүүнийг төр, түүх, түмэн олон ой санамжиндаа үеийн үед үл мартан дурсаж, бахархан дуурсах гэгээн үйлсийн үнэлэмж болгон өнө мөнхөд алдаршуулах учиртай гэдгийг тухайн үед хөшөөний нээлтийн үеэр онцолж байв.
Ардын төрийн ерөнхий сайд Жалханз хутагт Ц.Дамдинбазарын хөшөөг
Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотод 2014 онд мөн босгожээ.
Монгол улсын ерөнхий сайд агсан Жалханз хутагт Цэдэнсодномын Дамдинбазар
Жалханз хутагт Дамдинбазар нь 15-р жарны модон эр нохой жилийн зуны эхэн сарын 29 буюу 1874 онд Засагтхан аймгийн гүн Загдсамбар нөмрөг уулын хошуу одоогийн Завхан аймгийн Нөмрөг сумын Ойгон нуур гэдэг газар төрсөн.
Гурван настайдаа Жалханз хутагтын 8-р дүрээр тодорсон бөгөөд одоогийн Хөвсгөл аймгийн Бүрэнхаан сумын нутагт оршиж байсан Равданчойнхорлон хийдэд хутагтын сэнтийд залсан байна.
Монгол улсын ерөнхий сайд агсан Жалханз хутагт Цэдэнсодномын Дамдинбазар
Хутагт гурван үед сайдын алба хашиж байсан. 1892 онд буюу манжийн хааны үед баруун хязгаарыг хариуцсан Түшмэл сайдаар ажиллаж байжээ. 1912 онд баруун хязгаарыг илбэн тохинуулах сайдаар ажиллаж Манжийн амбан болон цэргийг эх орноосоо хөөн гаргах ,Ховд хотыг чөлөөлөх, Тагна урианхай Алтайн чанад дахь нутгийн эрх баригчдтай холбоо тогтоох ажлыг онцгой зохион байгуулсан.
Баруун хязгаарыг илбэн тохинуулах сайдын газар баруун хязгаарын харийн дайснаас чөлөөлөх бэлтгэл хангах хийгээд ард олныг тохинуулах зэрэг ажлыг эрхэлж байв. Жалханз хутагт Дамдинбазар нь 1922-1923 онд МУ-ын ерөнхий сайдаар томилогдон ажиллаж байсан төр шашины томоохон зүтгэлтэн байлаа. 1923 онд таалал төгссөн гэж түүхэнд тэмдэглэгджээ.
Харин 2024 онд 140 насных нь ой тохиож буй Улиастайн сайд агсан Дилов хутагтын тухайд,
“Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг Дилова Шаравсамбуугийн хувилгаан дүр Түвдэд Живзун доорамба, Дүлзэнлодойлэгсан зэрэг дүрээр хувилан төрж байжээ. Монголд хувилсан I дүр Эрх Цорж Наваанданзанжамц, II дүр Махурда нар нь Өвөрмонголын Ордос, Урад дунд гүний хошууны нутагт хувилан мэндэлжээ.
III дүр Дамчаяринпэл Халхын газар хувилан мэндэлжээ.VI дүр Раашпунцаг Өвөрмонголд хувилан мэндэлжээ.V дүр Дилова хутагт Жамсранжав нь Засагт хан аймгийн Гүн Загдсамбарын хошуу одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын нутагт 1883 онд мэндэлжээ.
1887 онд Хэрүга Дэмчэг бурханы хувилгаан Дилова хутагтын хойд дүрээр тодорч залагдсан байна. Дилова хутагт Жамсранжав нь Наро банчин гэгээний хийдэд залагдаж суусан байна. 1916, 1919 онуудад өмнөд хязгаар, баруун хязгаарыг товхинуулахад идэвхийлэн оролцож, Хатанбаатар Магсаржавын цэргийн ламаар томилогдож байв. 1923 онд Улиастайн сайд болон дэвшин сууж байв. 1931 онд Өвөрмонголд гарч Дэ ван, Чан Кайши нартай ажиллаж байв.
Дилав хутагт Жамсранжав, Жалханз хутагт Дамдинбазар нар
1950-аад оны үед Америкийн Нэгдсэн Улсад гарч Нью-‐Жерси хотод Буддын шашны сүмийг шинээр байгуулсан. Эдүгээ Нью-Жерсийн Буддын сүмд Дилова хутагт Жамсранжавын шавь Жамбалдорж гуай энх тунх амьдарч байна. Дилова хутагт Жамсранжав 1965 онд АНУ-д таалал төгсчээ” хэмээн “Их Монголын хутагт хувилгаадын сан”-д өгүүлжээ.