Завхан аймгийн төв Улиастай сум нь Богд, Чигэстэй голуудын ай савд оршдог.
Богд, Чигэстэй голын ай сав дагуух 788.33 га газрыг хамгаалах зорилгоор 2017 онд Улиастай сумын ИТХ-ын 06 дугаартай “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” тогтоол гаргуулж орон нутгийн тусгай хамгаалалтад авч ашигт малтмалын газар, газрын нэгдсэн мэдээллийн санд бүртгүүлж хамгаалах арга хэмжээ авч ажиллаж байна.
Манайхаас жилдээ татмын ойжуулалт буюу голын ай сав дагуу 20.000 гаруй мод бут тариалж цэнэг усалгааг хийж ажиллаж байна. Мөн 2023 онд АДАПТ төслөөс 10 га газрын хайс хамгаалалтыг сайжруулсан.
9000 гаруй мод бутыг тариалж 1000 гаруй иргэдэд гарын авлага тараах материал түгээж, 2000 гаруй иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж хамтран ажиллаж байна хэмээн Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Голын ай сав газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах, нөхөн сэргээх ажлуудыг аймгаас бодлогоор ямар түвшинд дэмжиж хамтран ажиллаж байгаа талаар Хяргас нуур-Завхан голын сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн Т.Даваажаргалтай уулзаж тодрууллаа.
-Завхан аймгийн нутаг дэвсгэрт оршдог голын ай савд байгаа газар нутгийг хамгаалах чиглэлээр аймгаас ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
-Завхан аймгийн Улиастай сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2018-оны 10 дугаар сарын 13 ны өдрийн 06 тоот тогтоолоор Богд, Чигэстэй голын ай сав дагуух болон түүний орчны 788,33 га газар нутгийг Улиастай сумын орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан. Мөн Завхан аймгийн ИТХ-ын 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 54 дүгээр тогтоолоор Завхан аймгийн хэмжээнд усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоосон. Дэглэмийг мөрдүүлэх тал дээр ажлууд хийгдэхгүй байсан бөгөөд энэ жил суурьшлын бүс нь голын сав дагуу байрладаг Отгон, Алдархаан, Цагаанхайрхан, Ургамал, Завханмандал сумдад хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилт, зөрчлийг илрүүлэх зорилгоор ажиллаж тайлан мэдээ, судалгааг гаргасан.
Сумын удирдлагуудад цаашид хамгаалалтын бүсэд газар олгохгүй байх талаар зөвлөмж өгч газрын даамлуудад хамгаалалтын бүсийн shapefile-ийг өгсөн.
-Аймгийн төвийн бүсэд оршдог Богд, Чигэстэй голыг хамгаалах талаар ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Тогтоолуудын хэрэгжилтийг хангах зорилгоор Улиастай сумын Богд, Чигэстэй голын ай сав дагуух орон нутгийн тусгай хамгаалтад авсан газар нутгаар усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах, Усны тухай хууль, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг иргэд аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчилж, судалгаа шинжилгээ, хяналт шалгалт хийн ажиллаж байна.
Богд, Чигэстэй голын усны эх үүсвэрийн ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлыг цэвэрлэх, байгалийн голдирлыг сэргээх арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоотой жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулан цэвэрлэдэг.
2023 онд Завхан аймгийн Цагаанчулуут, Алдархаан, Завханмандал, Эрдэнэхайрхан,
Сантмаргац, Цэцэн-Уул сумдын булгийн эхийг хашиж хамгаалсан ажилд хянан баталгаажуулалт хийв
-Голын ай сав дагуух газар нутгийг хамгаалахын ач холбогдол нь юу вэ?
-Голын сав дагуух газар нутгийг хамгаалах нь “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх” зорилготой байдаг. Хамгаалалтад авснаар дараах үйл ажиллагаануудыг явуулахыг хориглодог. Тухайлбал ашигт малтмал хайх, олборлох, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулах. Зэгс, шагшуурга, мод бут огтлох, элс, хайрга, чулуу авах. Байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх.
Цацраг идэвхт болон химийн хорт бодис, халдвар үүсгэгч, хог хаягдал, бохир ус хаях, хадгалах, машин техник, бохир зүйлс угаахыг хаягдал бохир ус цэвэрлэх байгууламжгүй буюу ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглах.
Шатахуун түгээх станц байршуулах, стандартын шаардлага хангаагүй бохир усны цооног, бие засах гаар барьж ашиглахыг хориглодог.
-Хамгаалалтын бүс тогтоож өгснөөр мэдээж үр дүн гарсан байх?
-Тэгэлгүй яахав. Хамгаалалтын бүсийг тогтоосноор үр дүн гарсан. Тухайлбал манай сав газрын захиргаанаас Завхан аймгийн Отгон сумын нутагт орших “Монгол майнинг энд эксплорэйшн” ХХК-ийн МҮ-021363, ХҮ-014806 тоот тусгай зөвшөөрөлтэй талбай нь хамгаалалтын бүсэд орж байгаа эсэх талаар мэргэжлийн дүгнэлт гаргахаар газар дээр нь очиж ажиллаж холбогдох хэмжилт судалгаануудыг хийж дүгнэлт гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.
Ингээд тусгай зөвшөөрөлтэй талбайтай давхцалтай байсан 7 булаг, 1 голыг уул уурхайн лицензээс авч үлдэж чадсан.
Мөн Усны тухай хуулийн 17.2-т заасны дагуу Ашигт малтмал газрын тосны газраас сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайн солбицлуудыг хянан шалгуулж санал авдаг болсон. 2019-2023 онуудад нийт 232 талбай хянан үзэж давхцалтай 138 талбайн мэдээллийг гарган хүргүүлсэн байна.
Намрын их цэвэрлэгээг зохион байгуулж, Чигэстэй гол дагуух 500 метр газраас
300 орчим кг хог хаягдлыг цэвэрлэж, орчны бохирдлыг буурууллаа
-Ер нь тусгай хамгаалалтад авах зайлшгүй шалтгаан гэж бий юу?
-Усны тухай хуулийн 22.7-д гол, мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авна гэж заасан байдаг. Манай аймгийн хувьд усны сан бүхий газар болон ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг хамгаалалтанд авсан байгаа.
Одоо урсац бүрэлдэх эх болон газрын доорх цэнгэг усны орд газруудыг хамгаалалтанд бүрэн аваагүй байгаа тул орон нутгийн хамгаалалтанд авах үндэслэлийг боловсруулан, орон нутгийн хамгаалалтанд авах шаардлагатай байна.
Уур амьсгалын өөрчлөлт, газар тариалан, уул уурхай, ой хээрийн түймэр байгалийн нөөцийн зүй зохисгүй ашиглалт зэрэг хүний хүчин зүйлийн нөлөөгөөр сав газрын усны нөөц, ургамлан нөмрөг багасаж, зэрлэг амьтдын амьдрах орчин доройтож, тархац, нөөц нь эрс багасаж ирсэн талаар мэргэжилтнүүд онцгой анхааруулсаар байна. Тиймээс голын ай сав дагуух газрыг тусгай хамгаалалтад авах нь зайлшгүй шаардлагатай юм.
-Танай байгууллага зөвхөн аймгийн хэмжээний гол усны талаарх бодлогыг хэрэгжүүлдэггүй. Хяргас нуур Завхан голын хэмжээний гол мөрний талаарх энэ жилийн үйл ажиллагаагаа тоймлобол?
-2023 оны байдлаар Хяргас нуур-Завхан голын сав газрын хэмжээнд 411 гол горхи, 275 нуур тойром, 1101 булаг шанд, 36 рашаан бүртгэгдсэн байна.
Сүүлийн жилүүдэд дэлхийн цаг уурын дулаарал, хуурайшилттай холбоотойгоор Монгол орны хэмжээнд цөөнгүй гол горхи, булаг шанд, нуур цөөрмийн ус багасаж ширгээд байна. Гадаргын ус ийнхүү багасаж байгаа нь бэлчээрийн гарц болон ус хангамжид сөргөөр нөлөөлж, гадаргын усны байгаа эх үүсвэр болон худаг орчимд төвлөрөн бэлчээр доройтох, улмаар цөлжих нөхцлийг бий болгодог.
Хяргас нуур-Завхан голын сав газар дахь гадаргын усан сүлжээ болон газрын доорхи усны илэрц, худаг уст цэгүүд жигд биш тархалттай байдаг.
Завхан аймгийн Завханмандал, Цэцэн Уул, Дөрвөлжин сумдын нутагт Багахайрханы, Завхан аймгийн Отгон, Шилүүстэй, Говь Алтай аймгийн Дэлгэр, Чандмань, Бигэр сумдын нутагт Аргалантын аймаг дундын отрын бүсүүд оршдог.
Тиймээс өвөлжилтийн байдал, усны эх үүсвэрээ бараадан тойргийн аймаг, сумдын мал, малчид дээрх газруудад намар, өвөл, хаврын улиралд төвлөрч бэлчээрийн талхлагдалын үндсэн шалтгаан болж байна.
2021-2022 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргахад бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан сумд Увс аймгийн Завхан, Завхан аймгийн Цэцэн-Уул, Алдархаан, Дөрвөлжин, Нөмрөг, Тэлмэн, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Ховд аймгийн Дөргөн сумд, 3-5 дахин хэтэрч гарсан сумд Увс аймгийн Наранбулаг, Завхан, Зүүнхангай, Завхан аймгийн Завханмандал, Алдархаан, Цагаанчулуут, Говь-Алтай аймгийн Алтай, Тайшир, Жаргалант сумд орж байна. Харин нийт нутгийн 28.92 хувьд даац 1-3 дахин хэтэрч гарсан. Тэгэхээр эдгээр бүс нутгуудад хөрсөн бүрхэвчийн талхлагдал бий болж газрын доорх усан хангамж багасахад нөлөөлж байна.
-Хяргас нуур-Завхан голын сав газрын усны нөөцөд нөлөөлж байгаа тулгамдсан асуудлууд байна уу?
-Тулгамдсан асуудлууд байна. Тухайлбал, усны нөөцөд нөлөөлөх сөрөг нөлөөллүүд нь янз бүр байна. Хяргас нуур-Завхан голын сав газрын усны нөөцөд үзүүлэх байгалийн нөлөөлөл нь дэлхий нийтээр ажиглагдаад байгаа уур амьсгалын өөрчлөлтийн улмаас бий болж байна.
Учир нь сав газрын хэмжээнд уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн хандлагыг тооцоолж үзэхэд энэ зууны төгсгөл гэхэд агаарын хэм 5-6С-аар өсөх, зуны улирлын хур тунадас багасах, өвлийн улирлын хур тунадас ихсэх буюу цагаан зуд нүүрлэх хандлагатай байгаа юм.
Тэр дундаа сав газрын адагт буюу Хяргас нуурын орчимд хур тунадасны бууралт илүүтэй ажиглагдахаар байна.
Эдгээр өөрчлөлтүүдийн улмаас ууршиц нэмэгдэж хуурайших, усны нөөц багасах, цэвдэг гэсэх, нууруудын усны түвшин багасах, голуудын урсац буурах эрсдэлтэй байна.
Мөн хүний үйл ажиллагааны нөлөөлөл байна. Хяргас нуур-Завхан голын сав газрын хэмжээнд дараах бүрэлдэхүүн хэсгүүдэд хүний үйл ажиллагааны нөлөөлөл мэдэгдэхүйц харагдах хандлагатай байгаа юм.
Ойн хомсдол гэхэд, Хяргас нуур-Завхан голын сав газрын хэмжээнд нийт газар нутгийн 1,88 хувийг ойн сан бүхий талбай эзлэх бөгөөд энэ нь үйлдвэрлэлийн ашиг шим муутай, нөхөн сэргээгдэхдээ удаан, нөхөн сэргэлт бараг явагдаагүй, хөгшин моддоос бүрдсэн байна.
Мөн сав газрын хэмжээнд байгаа ой нь урсац бүрэлдэх эх дээр байрших учраас тус мужийн экосистемийн болон усны нөөц бүрэлдэх горимын хувьд маш чухал ач холбогдолтой байдаг юм.
Гэвч одоогийн байдлаар Хяргас нуур-Завхан голын сав газрын говийн аймгууд, сумдын модны хэрэгцээ, болон айлуудын ахуйн хэрэгцээнд буюу түлшинд модыг их хэмжээгээр бэлтгэн хэрэглэж байгаа нь цаашид урсац бүрэлдэх горимд ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Үүнээс гадна сав газрын хэмжээнд ойн хамгаалал, ойн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явагдахгүй байна.
Бас нэг нөлөөлөл нь хөрсөн бүрхэвчийн талхлагдал юм. Сав газрын хэмжээнд малын тоо толгойн өсөлт, ус хангамжийн хүрэлцээгүй байдалтай холбоотойгоор усан хангамжийн эх үүсвэр дээр төвлөрөл үүсэх хандлагатай байгаа бөгөөд энэ нь хөрсөн бүрхэвч, бэлчээрийн талхлагдал болон усан хангамжийн эх үүсвэр шим бохирдлоор бохирдох үндсэн шалтгаан болж байна.
-Усны сав газруудад үйлдвэр, газар тариланг хөгжүүлэх нь хэр зохистой байдаг юм бэ? Ер нь усны нөөц багасаж байгаа талаар мэргэжлийн байгууллагууд анхааруулаад байдаг?
-Яг тийм шүү. Манай сав газрын хэмжээний усны нөөцөд нөлөөлж байгаа бас нэг хүчин зүйл нь усны хомсдол, бохирдол байгаа юм. Хяргас нуур-Завхан голын сав газарт хамаарах аймаг, сумдын хөгжлийн хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдэд цаашид усалгаатай газар тариаланг хөгжүүлэх талаар нэлээд тусгагдсан байдаг юм.
Завхан аймгийн хэмжээнд усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс тогтоосонтой холбогдуулан дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг
Ер нь дээрх газар тариалан, үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ байршил, ус хангамжийн эх үүсвэрийг нарийн тооцоолж, усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэхгүй бол хөрс, усан хангамжийн хувьд тохиромжгүй газар усалгаатай газар тариаланг бий болгох нь усны нөөцийг үргүй зарахад хүргэж болзошгүй юм.
Үүнээс гадна цаашид сав газрын хэмжээнд ноос ноолуур угаах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд эдгээр үйлдвэрүүдийн технологийн горим алдагдах, ашиглагддаг химийн бодисын алдагдал зэрэг нь ноцтой асуудал үүсгэж ч болзошгүй юм.
Мөн төв суурин газруудын усны нөөцийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс байхгүйгээс усны эх үүсвэр бохирдсон болон бохирдох өндөр эрсдэлтэй байгаагийн зэрэгцээ одоогоор хэрэглэгдэж буй ариутгах татуургын технологи хуучирсан, хүрэлцээ муу байгаа зэрэг нь цаашид усны нөөцийн бохирдол, хомсдолд ихээхэн үүрэг гүйцэтгэж болзошгүй байна.
Түүнчлэн уул уурхайн хайгуул, олборлолт байна.
Өнөөдрийн байдлаар манай сав газрын хэмжээнд хайгуул, ашиглалтын нилээн олон тусгай зөвшөөрлүүд олгогдсон байдаг бөгөөд тэдгээрийн зарим нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлж эхлэхээс өмнө олгогдсон учраас ойн сан бүхий газар нутагтай хэсэгчилсэн давхцалтай байна.
Завхан аймгийн хувьд говийн сумдад ихэвчлэн уул уурхайн ашиглалт явагдаж байгаа бөгөөд гүний ус буюу худгаас ус ашиглаж байна. Иймд цаашид аймгийн хэмжээнд, тухайлбал Завханмандал, Ургамал, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумдын газрын доорх усны нөөцийг тогтоох шаардлагатай байгаа юм.
Мөн урсацын горим алдагдах нөлөөлөл байна. Хяргас нуур-Завхан голын сав газрын хэмжээнд зургаан УЦС үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаатай холбоотой голын урсацын болон хагшаасны горимд өөрчлөлт орж байна.
Мөн УЦС-уудын доод урсгал руу загас ховордсон гэсэн мэдээлэл байгаа нь сав газарт байрших болон дамжин өнгөрөх шувуудын хоол тэжээлийн горимд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.
-Завхан аймгийн тухайд сүүлийн үеийн судалгаагаар хэчнээн гол горхи нуур ширгэсэн байна вэ?
-Манай сав газарт хамрагдах Завхан аймгийн сумдын хэмжээнд ширгэсэн гол горхи, булаг байхгүй.
Харин тоо бүртгэлийн мэдээнээс харахад харин ч нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа. Энэ нь яагаад вэ гэвэл мэдээллийн санд бүртгэлгүй, оруулаагүй байсан уст цэгүүдийг бүртгэж мэдээллийг шинэчилж гаргасантай холбоотой юм.