Завхан аймгийн чадварлаг эмч, эрүүл мэндийн байгууллагуудыг шалгаруулан урамшуулжээ.
Завхан аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Чадварлаг эмч” зорилтот үйл ажиллагааны хүрээнд жил бүр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн ажилласан байгууллага хамт олныг шалгаруулан шагнаж урамшуулдаг.
Завхан аймаг “Чадварлаг эмч” хөтөлбөрийг хэрэгжүүлж эмч нарын 83, сувилагч мэргэжилтний 62,5 хувь нь төрөлжсөн нарийн мэргэжлээр мэргэшиж, эрүүл мэндийн байгууллагуудыг 1 тэрбум гаруй төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангасан байна.
2023 оны чадварлаг баг хамт олноор Улиастай сумын Биндэргарав Өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай, түргэн тусламжийн тасаг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Дурангийн баг шалгарлаа. Сумдаас Нөмрөг, Шилүүстэй, Сонгино, Тэс, Отгон сумын эрүүл мэндийн төвүүд шалгарсан байна.

2023 оны эрүүл мэндийг дэмжигч чадварлаг багаар шалгарсан Улиастай сумын
Биндэргарав өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олон
Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд, Эрүүл мэндийг дэмжигч байгууллага, Эрүүл ажлын байраар шалгарсан байгууллага хамт олныг жил бүр шалгаруулдаг.
Энэ онд эрүүл мэндийг дэмжигч байгууллагаар нэр бүхий цэцэрлэг, сургууль, эрүүл мэндийн төв гээд 22 байгууллага шалгарсан байна.
“Энэ жилдээ эрүүл жиндээ”, “Эрүүл зан үйлийг хэвшүүлж-халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийг бууруулъя” аянуудад амжилттай оролцож байр эзэлсэн сум, байгууллага, иргэдийн нэгдэл, клуб гээд 8 байгууллагад өнөөдөр шагналыг нь аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр болон бусад албаны хүмүүс гардуулан өглөө гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

2023 оны эрүүл мэндийг дэмжигч чадварлаг багаар шалгарсан Тэс сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон
Ташрамд, олон нийтэд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллэх сонирхлыг нь дэмжиж нийт 580 гаруй хүүхэд, залуучууд, насанд хүрэгчдэд “Цогт фитнес” клуб, “Amka dance” бүжгийн клубууд фитнес, бүжгийн спортыг зааж өгчээ.
Мөн чадварлаг эмч үйл ажиллагааны хүрээнд эмч нарын баг хөдөөгийн сумдад очиж ажиллан, эрүүл мэндийн цогц үйлчилгээг үзүүлж давхардсан тоогоор 7800 гаруй иргэн хамрагджээ. Энэ үеэрээ эх барих эмэгтэйчүүд, дотор, хүүхэд, сүрьеэгийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг оношилгоог хийж зөөврийн рентген, эмэгтэйчүүдийн ЭХО, лабораторийн түргэвчилсэн шинжилгээг хийж, давхардсан тоогоор 6200 гаруй иргэн зөвлөгөө мэдээлэл авчээ.