Энэ жил Монгол оронд орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Завхан аймгийн музей байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна.
Монголын анхны музейн нэг нь Завхан аймгийн музей юм. 1924 оны 12 дугаар сарын 11-нд Завхан аймгийн музейг Гэсэр сүмийн туурин дээр “Үзэсгэлэнгийн хороо” нэртэйгээр байгуулж байсан түүхтэй.
1922 оноос Хантайшир уулын аймгийн нам эвлэлийн байгууллагын гишүүд дурсгалт зүйлийг бүртгэх, гар бичмэл, хэвлэмэл ном, түүх шастир эртний эд зүйлийг идэвхтэй цуглуулж ажилласны үр дүнд 1924 он гэхэд Улиастай хотод Музей байгуулах бэлтгэл хангагдаж байжээ.
Тухайн үед Улиастай хотод сууж байсан Зөвлөлтийн консул Потоновский болон Ардыг гэгээрүүлэх яамны орос мэргэжилтэн, орчуулагч нарын хамт зөвлөн хэлэлцээд музейд тавигдах үзмэрийн тусгай байр байшин гаргаж 1924 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Үзэсгэлэнгийн хороог байгуулсан түүхтэй.
Улиастай хотод байгуулсан музей нь судар бичгийн хүрээлэнгийн орон нутгийн салбар болон ажиллаж байгаад 1928 онд Ардыг гэгээрүүлэх яамны сургуулийн дэргэд анх нээн ажиллаж, Улиастайн хэмээн нэрлэгдсэн Завхан аймгийн Музей нь Монголын анхны музейн нэг болон түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Аймгийн музей нь 1938 онд Орон нутаг судлах булан, 1947 онд Орон нутаг судлах кабинет, 1967 онд Орон нутаг судлах музей, 2008 оноос Аймгийн музей болон өргөжсөн байна.
Ийнхүү Монгол Улсын орчин цагийн ууган хоёр Музейн нэг болсон түүхийг бүтээгчид өдгөө тус нутгийн түүхийн гэрч болсон архивыг хадгалан хамгаалж, соён гэгээрүүлэх ажлаа тасралтгүй явуулж байна.
Музей таныг цаг хугацаагаар аялуулдаг гайхамшигт үзэсгэлэнгийн ордон билээ. Бүх юм мөнх бус харин музей мөнх юм.
Завхан аймгийн музей нь бусад аймгийн музейгээс Алдартнуудын танхимаараа ялгардаг онцлогтой учраас Музейн үзмэрүүдийн үүх түүхийг хүүхэд залуучууддаа заавал үзүүлж таниулаарай гэж аймгийн Орон нутгийг судлах музейгээс уриалж байлаа.