Ойн туруутан амьтдад зориулж биотехникийн арга хэмжээг явуулж камерын бүртгэлийг хянажээ.
Отгонтэнгэрийн Улсын Тусгай Хамгаалалттай газарт буюу Идэр сумын Ямаат хэсэгт Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хяналт шалгалт хийж, биотехникийн арга хэмжээг хэрэгжүүллээ.
Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газар нутагт өнөөдрийн байдлаар цасны зузаан тал газартаа 30 см, ойн модон дунд 60 см орчим болж ойн туруутан амьтдын өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.
Тиймээс ойн туруутан амьтдад зориулж Ямаатын Алаг хад, Үстийн дэнж зэрэг газарт 200 кг хужир тавилаа.
Энэ хоёр цэгт биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх хугацаанд таван байршилд 44 бүл согоо, 8 байршилд 10 буга, 2 бор гөрөөс бүртгэгдсэн. 2023 оны зун ойн туруутан амьтдыг судлах зорилгоор хоёр байршилд хөдөлгөөн мэдрэгчтэй камер байршуулсан байсныг авч камерын зургийн бүртгэлийг хийсэн. Камерт халиун буга, бор гөрөөс, чоно, согоо зэрэг ан амьтны дүрс бичигдсэн байна.
Мөн ойн туруутан амьтдад биотехникийн арга хэмжээг явуулах үеэр тухайн газар нутагт өвөлжиж байгаа малчдад амьтдын амьдрах орчны талаарх хамгаалалтын зөвлөгөө мэдээллийг өгсөн.
Тодруулбал, Ямаат хэсгийн, Сонгинот, Сайхан дэнж, Үстийн нуур, Балчгар, Цуурай, Тангадын хавчиг, Хөшөөтийн ам, Чавганц, Ямаатын Алаг хад зэрэг газраар хяналт шалгалтын ажлыг хийж, иргэдэд тусгай хамгаалалттай газар нутгийн талаар болон ойн амьтдыг бэлчээр нутгаар шахахгүй, амьтдын амьдрах орчныг тэтгэх талаарх заавар зөвлөгөөг өгсөн тухай ОТУТХГХЗ-аас мэдээлэв.