Завхан аймаг гэр бүлийг дэмжих олон талын ажлыг зохион байгуулж, өнгөрсөн жил давхардсан тоогоор 7300 гаруй гэр бүлийг зорилтот үйл ажиллагаанд хамруулжээ.
Тухайлбал гэр бүлийн гишүүдийн жендэрийн эрх тэгш байдлын талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэх зорилгоор сургалт сурталчилгаа, оролцоо, нөлөөллийн 68 төрлийн ажлыг явуулж, 5800 гэр бүлийг хамруулжээ.
Мөн шинээр гэр бүл болж буй залуучуудад зориулсан өргөөг орон нутгийн хөгжлийн сангийн 25 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижуулж, гэрлэлтийн батлах гардуулах ёслолын өргөөтэй болжээ.
Энэ өргөөг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Тогтвортой амьдрал-Амгалан гэр бүл” үйл ажиллагааны хүрээнд орон нутгийн төсвөөс санхүүжүүлэн тохижуулсан байна.
Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд гэр бүлийн чиглэлээр нэг зорилт, есөн ажлыг төлөвлөжээ.
Мөн аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр гэр бүлд чиглэсэн ажлын чанар хүртээмжийг сайжруулах. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хамгаалах үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр дөрвөн зорилт, долоон ажлыг хэрэгжүүлж байна.
Жил бүрийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжилтийг ханган, бодит үр дүнг гаргахын төлөө бүх талын хамтын оролцоотой ажиллаж байна. Энэ ажил нь гэр бүл салалтыг багасгах, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, гэр бүлээрээ ая тухтай өнгөрүүлэх орчин нөхцөлийг сайжруулах зорилготой юм.
Сүүлийн гурван жилийн хугацаанд дээрх ажлын хүрээнд гэр бүлүүдэд зориулсан зорилтот ажлыг давхардсан тоогоор 40 гаруй удаа зохион байгуулж, нийт 5600 гаруй иргэн, гэр бүл оролцсон байна.
Мөн өнгөрсөн онд Балжиннямын Баярсайхан сантай хамтран гэр бүлийн боловсрол олгох сургалтыг 12 сумын 1671 хүнийг хамруулан зохион байгуулсан. Энэ үеэр хөдөө орон нутгийн иргэдэд гэр бүлийн харилцаа, эцэг эх, хүүхдийн харилцаа, эхнэр нөхрийн харилцаа, сэтгэл хөдлөл мэдрэмжээ удирдах нь, стресс менежмент сэдвүүдээр мэдээлэл өгч, гэр бүлийн үнэ цэнийн талаарх ойлголт мэдлэгийг нь нэмлээ.
Гэр бүлд чиглэсэн зорилтот үйл ажиллагааг тогтвортой явуулснаар гэр бүл салах статистик тоо багасна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.