Завхан аймгийн ерөнхий боловсролын 30 сургуульд “Цахим ухаалаг анги”-ийн тоног төхөөрөмжийг гардуулан өгчээ.
Монгол Улс боловсролын салбарт цахим дэд бүтцийг бэхжүүлэх чиглэлээр гурван багц ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм.
Үүнд сургууль бүрийг өндөр хурдны интернэттэй холбох, багш бүрийг компьютержүүлэх, сургууль бүрд ухаалаг анги байгуулах ажил багтжээ. Энэ хүрээнд төрийн өмчийн 300 сургуулийг дижитал ангитай болгох аж.
Завхан аймгийн тухайд ерөнхий боловсролын 30 сургуульд БШУЯ-ны хөрөнгө оруулалтаар нийт 2.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий “Цахим ухаалаг анги”-ийн тоног төхөөрөмжүүдийг сургуулийн удирдлагуудад гардуулж өглөө.
Цахим ухаалаг ангиас сурагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн платформуудаар дамжуулан хичээлээ үзэх юм. Ухаалаг ангид 1-12 дугаар ангийн бүх судлагдахууныг цахим дэд бүтэц ашиглан заах боломжтой.
Багшийн цахим ур чадвар дээшилнэ. Сурагч нэг бүр өөрийн түвшинд нийцсэн хичээл үзэх боломж бүрдэнэ. Сурагчдын сурлагын ахиц амжилтыг зөв үнэлэх, дүгнэх боломж бүрдэж багш эцэг эхийн хяналт сайжирна.
Багш нар ажлын байрнаасаа модуль сургалтад хамрагдана. Элсэлтийн ерөнхий шалгалт, чанар, гүйцэтгэлийн үнэлгээг ч олон улсын жишгээр цахимаар зохион байгуулах боломжоор хангагдаж байна гэж Завхан аймгийн БШУГ-аас мэдээлэв.