АНУ-ын жүжигчин Пете Дэвидсон саяхан “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Ким Кардашианыг найз бүсгүй гэж нэрлэснээр тэдний үерхэл баталгаажлаа. Өдгөө 28 настай Пете Дэвидсон хэлэхдээ, “Надад инстаграм, твиттер гэх мэт өдөр тутмын амьдралаа нийтэд дэлгэх зүйл байдаггүй. Би ч бусдад гайхуулаад байх дургүй. Би найзуудтайгаа зугаацах, үгүй бол найз бүсгүйтэйгээ амарч өнжих дуртай. Надад өөр хийгээд байх зүйл байдаггүй” гэж ярьсан байна.
Өмнө нь 13 насны зөрүүтэй тэднийг болзож байгаа талаар “E! News” өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мэдээлж байв.
Өдгөө 41 настай Ким Кардашиан есөн сарын өмнө нөхөр, реппер Канье Уэстээс салах өргөдлөө шүүхэд өгсөн юм. Тэд дөрвөн хүүхэдтэй.
Харин Пете Дэвидсон өмнө нь 2018 оны тавдугаар сард дуучин Ариана Грандетэй сүй тавьсан ч таван сарын дараа цуцалсан. Үүний дараа 2019 онд өөрөөсөө 20 насаар эгч жүжигчин Кейт Бекинсэйлтэй болзож байсан.