ОХУ-ын зэвсэгт хүч пүрэв гаригт цөмийн зэвсгийн цохилт өгөх хүчин чадал бүхий тив алгасагч “RS-28 Sarmat” баллистик пуужингийн туршилтыг амжилттай хийснээ зарлалаа.
Оросын хойд хэсгийн Плесецк орчмын газар доорх пуужин хөөргөгчөөс “RS-28 Sarmat” пуужинг хөөргөсөн бөгөөд Камчатгийн хойгоос 6000 километрийн зайд орших байг амжилттай устгасан байна. Шинжээчид 208 тонн жинтэй, 35.5 метр урт, гурван метрийн диаметр бүхий тив алгасагч уг пуужинг дээд тал нь 25.5 мянган километр цагийн хурдаар 18 мянган километрийн зайд цохилт өгөх чадвартай гэж тооцдог. Энэ утгаараа “RS-28 Sarmat” пуужин нь дэлхийн хамгийн хүчирхэг стратегийн зэвсэгт тооцогддог.
Тэгвэл Оросын Роскосмос сансрын агентлагийн тэргүүн Дмитрий Рогозин “RS-28 Sarmat” пуужин ирэх намраас ОХУ-ын зэвсэглэлд нэгдэнэ гэж мэдэгдсэн юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин стратегийн довтолгооны энэхүү шинэ зэвсгийг батлан хамгаалах технологийн оргил, хамгийн хүчирхэг тактикийн зэвсэг гэж онцолсон юм. Мөн “RS-28 Sarmat” пуужин нь стратегийн довтолгооноос хамгаалах бүх системийг даван гарах чадвартай. Дэлхийн өөр аль ч их гүрэн үүнтэй ижил зэвсэг зохион бүтээж чадаагүй. Бусад орнууд “RS-28 Sarmat” пуужинтай эн зэрэгцэх зэвсэг зохион бүтээхэд урт хугацаа шаардлагатай гэжээ.
Түүнчлэн тэрээр “Энэхүү орчин үеийн зэвсэг нь ОХУ-ын зэвсэгт хүчний байлдааны чадавхийг бэхжүүлж, манай улсын аюулгүй байдлыг гаднын түрэмгийллээс найдвартай хамгаалж чадна. Уур хилэн, түрэмгий үгийнхээ халуунаар ОХУ-д заналхийлж буй хүмүүс одоо аливаа үг, үйлдэл гаргахаасаа өмнө бодох байх” гэсэн юм.
ОХУ-ын Батлан хамгаалах яам маш олон жил “Sarmat” пуужинг хөгжүүлэх төсөл дээр ажиллаж, цэргийн парадаар танилцуулсаар ирсэн. Гэвч ОХУ цэргийн хүчээр Украинд түрэмгийлж, бүс нутагт тогтворгүй байдал бий болоод байгаа энэ үед шинэ зэвсгээ туршсан явдал нь олон улсад цөмийн дайны болгоомжлолыг дахин бий болголоо.
Тэгвэл Пентагоны зүгээс ОХУ тив алгасангч “RS-28 Sarmat” пуужин хөөргөсөн нь энгийн туршилт бөгөөд АНУ-д заналхийлсэн зүйл байхгүй гэж мэдэгдсэн юм. Харин Украины Батлан хамгаалах яам одоогоор “RS-28 Sarmat” пуужингийн туршилттай холбоотойгоор ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.