Засгийн газрын өнөөдрийн /2023.09.13/ хуралдаанаар Монгол Улсаас АНУ-руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг эцэслэн баталлаа.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.
Өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ дахь айлчлалын үеэр Вашингтон хотноо гарын үсэг зурсан Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.
Үүний үр дүнд 2024 оны хоёрдугаар улирлаас АНУ-руу шууд нислэг үйлдэх боломжтой боллоо. Манай улсаас АНУ-руу жилд дунджаар 60 орчим мянган иргэн зорчиж, 30-50 цаг, 2000-4000 долларын тийз төлдөг.
Шууд нислэгтэй болсноор тийзийн үнэ 1000-1500 доллар болж, нислэгт зарцуулах хугацааг 10-12 цаг болгож 3-4 дахин хэмнэж, ая тухтай зорчих олон улс руу гарч буй мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх, үндэсний агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадвар нэмэгдэж, агаарын харилцаа, нислэгийн сүлжээ өргөжин хөгжих боломж нээгдэж байна.