Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Архангай аймагт үргэлжилж байна. Энэ үеэрээ тус аймагт шинээр баригдаж буй 300 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын явцтай танилцлаа.
Амбулатори, хэвтэн эмчлүүлэгчдийн хэсэг, хүчилтөрөгчийн болон дизель станцын барилга зэрэг найман блокоос бүрдсэн орчин үеийн эмнэлгийн стандартын шаардлагад нийцсэн иж бүрэн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 25.2 тэрбум төгрөгийн өртгөөр барьж байгаа юм. Одоогоор барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна.
Одоо үйл ажиллагаа явуулж буй аймгийн Нэгдсэн эмнэлгийн үндсэн барилга нь 1979 онд ашиглалтад орсон. 160 орны хүчин чадалтай ч өдгөө 200 гаруй ортойгоор лавлагаа шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй. Аймгийн удирдлагууд цаашид хуучин нэгдсэн эмнэлгийн барилга байгууламжийг АШУҮИС-ийн харьяа “Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний цогцолбор” болгох төсөл боловсруулжээ. Үүнд 19.2 тэрбум төгрөг хэрэгтэй байгаа гэв. Мөн тус аймагт сувилагч, тусгай мэргэжилтнүүд дутагдалтай гэдгийг онцолж байлаа.
Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид шинэ суурьшлын бүс Булганхангай хорооллын төлөвлөлт, инженерийн дэд бүтэц, зам талбайн тохижилтын шийдэл, тулгамдаж буй асуудлын талаар танилцууллаа. Архангай аймаг нийт 60 га талбайд шинэ суурьшлын бүс байгуулж, Булганхангай -1, 2 хороолол барьж, тохижуулахаар ажиллаж байна. Одоогоор найман байршилд 1500 айлын орон сууцны газар олголт хийгдээд байгаа аж. Суурьшлын бүсэд нийт 2830 өрхийн 113 мянга гаруй хүн ам оршин суухаар тооцоолсон, орон сууцны хангамж 45 хувиар нэмэгдэнэ гэж үзжээ. Өнөөгийн байдлаар аймгийн 80 гаруй хувь нь гэр хорооллын бүс байгаа аж.
300 ортой нэгдсэн эмнэлгийн барилга шинэ суурьшлын бүс дэх эхний бүтээн байгуулалтын нэг бөгөөд Булганхангай-2 хороолол энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад орно. Тус хорооллын эхний 20 га талбайд 120 айлын орон сууц, 150 хүүхдийн цэцэрлэг, усан бассейн, 320 хүүхдийн сургууль, спорт заал, дотуур байр, Онцгой байдлын газар, Багш хөгжлийн төв, Прокурорын газар, Хөгжимт драмын театр, “Эм Си Эс” ХХК-ийн худалдааны агуулахын барилгууд, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн хамт баригдаж, 63,2 тэрбумын хөрөнгө оруулалт хийгджээ.
Булганхангай хорооллын автозам, дугуйн болон явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, цэвэр усны байгууламж, цахилгаан, дулаан хангамж зэрэг дэд бүтэц, тохижилтын ажилд нийт 18,5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэв. Аймгийн хэмжээнд тулгамдсан асуудлын нэг нь дулаан хангамж. Дулааны цахилгаан станц нь хувьчлагдсан, 11 уурын зуухыг нэг компани дангаар хариуцдаг. Шинээр ашиглалтад орж буй аж ахуйн нэгж, амины орон сууц бүхий айл өрхийг дулаанаар хангахад хүчин чадал хүрэлцэхгүй. Иймд дулаан хангамжийн асуудалд онцгой анхаарч өгөхийг Ерөнхий сайдаас хүслээ.