Шинэ үндсэн хууль батлахад Завхан аймгаас 26 депутат оролцож байжээ.
Жил бүрийн нэгдүгээр сард Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр маргааш буюу нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиож байна.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр гэж заасан байдаг.
Шинэ ардчилсан Үндсэн хууль нь Оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй бөгөөд Монгол Улс бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн иргэн төвтэй ардчилсан улс гэдгийг тунхагласан юм.
Шинэ үндсэн хууль батлахад Завхан аймгийн 26 депутатын 23 нь тухайн үеийн МАХН-ын гишүүн байсан.
Тухайлбал, Идэр сумын малчин, Ардын Их Хурлын орлогч даргаар сонгогдон ажилласан Ойдовын Долгорсүрэн, аймгийн Намын хорооны дарга Дамдингийн Дэмбэрэл, аймгийн АДХГЗ-ы дарга Бэгзийн Очирбат, Алдархаан сумын Хөдөлмөрийн баатар Сандагийн Адьшаажав, Асгат сумын харьяат, ХААЯ-ны орлогч сайд Пагваагийн Хаадгар, Баянтэс сумын Нэгдлийн дарга Дамбийнямын Дагвадорж, Баянхайрхан сумын Нэгдлийн дарга Довчингийн Лханаажав, Цагаанхайрхан сумын клубын эрхлэгч Балганжавын Балсанхүү, Их-Уул сумын багш Надмидын Төмөр-Очир гэхчлэн 26 депутат шинэ үндсэн хуулийг батлалцжээ.
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр аймгийн 24 суманд тодорхой төлөвлөгөөний дагуу иргэд, олон нийтэд зориулсан үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээлэв.