Завхан аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид гамшиг осол, гал түймрээс нийт 2.5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгө авран хамгаалжээ.
Шинэ он гарснаар гал түймрийн нэг тохиолдол бүртгэгдсэн байна. 2023 онд Завхан аймагт гал түймрийн 52 тохиолдол гарч бүртгэгдсэн. Гал түймрийн улмаас аж ахуйн нэгж 82 сая, ард иргэдэд 308 сая төгрөгийн хохирол учирсан байна.
Гал түймрийн гаралтыг 2022 онтой харьцуулахад 2.1 хувиар өссөн. Гал түймрийн улмаас учирсан хохирол 8.3 хувиар буурч, аварсан хөрөнгийн хэмжээ 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Нийт гамшиг осол, гал түймрийн улмаас 405 сая төгрөгийн хохирол учирсан. Онцгой байдлын газрын алба хаагчид гамшиг осол, гал түймрээс нийт 2.5 тэрбум гаруй төгрөгийн өмч хөрөнгө авран хамгаалж давхардсан тоогоор 369 алба хаагч, 82 техник хэрэгсэлтэй ажилласан байна.
Эдгээр гал түймрээс нөхөн сэргээхэд хамгийн их цаг хугацаа шаардагдах нь ойн түймэр юм.
Аймгийн хэмжээнд хоёр сумын нутаг дэвсгэрт дөрвөн удаа ой, хээрийн түймэр гарч 11 га ой, 1 га хээрийн талбай түймэрт өртсөн.
Түймрийн улмаас байгаль экологид 20.1 сая гаруй төгрөг, түймрийг унтраахад 1.8 сая гаруй төгрөгийг зарцуулсан гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.