Завхан аймгийн ХХҮГ-аас ажлын байрыг дэмжих зорилгоор бичил болон гарааны бизнесийг эхлүүлэх иргэдэд 940 гаруй сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.
Шинээр ажлын байр бий болгох, хадгалах, бичил болон гарааны бизнесийг эхлүүлэх, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бизнесээ сэргээх хүсэлт гаргасан иргэдэд барьцаагүй, хүүгүй санхүүгийн дэмжлэгийг эргэн төлөгдөх болон хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.
Зөвхөн санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй тэднийг бизнесээ өргөтгөх болон, бичил бизнесийн шинэ санаа олох, төсөл хэрхэн бичих, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулах, борлуулалтаа нэмэх, бүтээгдэхүүний сав баглаа боодлыг сайжруулах зэрэг арга зүйн зөвлөгөөг өгдөг.
Өнгөрсөн онд аж ахуй эрхлэлтийг дэмжин 36, ахмадыг дэмжин 24, тусгай хэрэгцээт иргэдийг дэмжин 21 иргэн, малчдыг дэмжин 58 иргэн, залуучуудыг дэмжин нэг иргэнд нийт 948 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлжээ.
Харин ажил олгогчдыг ажлын байр болон түрээсийн хөнгөлөлтөд хамруулан 111,6 сая төгрөгийн урамшуулал олгожээ.
Ингэснээр сүүлийн жилүүдэд эрчимтэй ажил хайж буй иргэдийн тоо тодорхой хэмжээгээр буурчээ.
Мөн шинэ ажлын байр нэмэгдэж, хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдийн бизнес санаагаа ажил хэрэг болгох, орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлж байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр иргэн, аж ахуйн нэгж байгууллагад олгох жижиг зээл, санхүүгийн дэмжлэгийн талаарх үйл ажиллагааг олон нийтэд танилцуулах ажлыг тогтоол, зааварт тусгасны дагуу аймгийн хэмжээнд 24 суманд зарлан зохион байгуулжээ.
Энэ ажлын хүрээнд аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 20 сумын 81 иргэнээс ирүүлсэн төслийг хүлээн авч бүртгэн, сонгон шалгаруулалтыг хийж 36 иргэнтэй эргэн төлөгдөх нөхцөлтэй гэрээ байгуулж 350.000 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосон тухай аймгийн ХХҮГ-аас мэдээллээ.