Тус аймаг дахь Шүүхийн тамгын газраас урд бүсийн сумдын иргэдэд шүүхийн үйлчилгээг үзүүлжээ.
Отгон, Шилүүстэй, Цагаанчулуут, Цагаанхайрхан сумын 150 гаруй иргэн, төрийн албан хаагч нарт шүүхийн үйлчилгээг газар дээр нь үзүүлж, зарим хууль тогтоомжуудын талаарх мэдээллийг өглөө.
Энэ үеэр иргэд, төрийн албан хаагчдад шүүхийн үйл ажиллагаа, шүүхэд мэдүүлэх эрх, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ач холбогдол, мөн шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд холбогдох сургалт, мэдээллийг өгч гарын авлага, материалаар хангалаа.
Тухайлбал Отгон, Цагаанчулуут сумын иргэдэд холбогдох таван маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж амжилттай шийдвэрлэсэн байна.
Сургалт, мэдээллийн дараа иргэдийн асуусан асуултад хариулт өгч, иргэдээс шүүхээр үйлчлүүлж байсан болон үйлчлүүлж байгаагүй гэсэн хоёр төрлийн санал асуулгаар 103 иргэнээс судалгаа авсан байна.
Ер нь хөдөө сумдад очиж шүүхийн үйлчилгээг үзүүлэх нь олон талын ач холбогдолтой юм. Иргэд шүүхтэй холбоотой үйлчилгээг заавал аймгийн төвд ирэхгүйгээр өөрийн сумандаа авах боломжийг хангаад зогсохгүй иргэдийн зарим мэддэггүй асуудлуудын талаарх мэдээллийг өгч тэдэнд хүртээмжтэй үйлчилгээ авах боломжоор хангаж өгдөг.
Мөн шүүхийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах, шүүхийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, үр нөлөөтэй хэрэгжүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, бэхжүүлэх зорилготой юм. Ялангуяа энэ үеэр эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ач холбогдлыг иргэдэд таниулах нь чухал юм.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэдэг нь эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр маргалдагч талууд хоорондоо харилцан ярилцаж хэлэлцсэний дүнд тохиролцоонд хүрч маргаанаа шийдвэрлэх ажиллагаа юм. Эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг иргэд сонгох болсон нь сайшаалтай.
Эвлэрэл нь зөвхөн маргааны талуудаар хязгаарлагдахгүй, нийгэмд ашигтай, хэрэгтэй ажиллагаа юм. Энэ нь хүмүүсийн хоорондын найрсаг харилцааг сэргээн тогтоож, маргааны шийдлийг аливаа хатуу хэлбэрт баригдалгүйгээр уян хатан сонголтуудаас олох боломжтой. Хэрэг хянан шийдвэрлэх зардлыг хэмнэх мөн маргалдагч талууд өөрсдөө маргааны шийдлийг олоход оролцох боломжтой гэх зэрэг сайн талуудтай гэж Завхан аймаг дахь Шүүхийн тамгын газраас мэдээлэв.