Идэр сумын ерөнхий боловсролын сургуулийн 320 суудалтай спорт заалтай хичээлийн байрны барилгын ажил 85 хувьтай байна.
Барилга угсралтын ажлыг “Ханжаргалт стоунс” ХХК гүйцэтгэж байна. Улсын төсвийн 4 тэрбум 874 сая гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй уг барилгын ажил 2020 оны тавдугаар сард гэрээ байгуулснаар эхэлсэн бөгөөд 10 дугаар сарын 20-ны өдөр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас барилгын ажлын явцтай танилцаж, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг мөрдөн ажиллах, бүх цонхны дээд амлагааг дулаалах.
Халаах хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх хүн хүчийг нэмэгдүүлэх зөвлөмжийг өгчээ.
Идэр сумын ерөнхий боловсролын сургууль нь өдгөө хичээлийн гурван байртай. Хоёр хичээлийн байр нь 1974 онд ашиглалтад орж байсан. Харин нэг хичээлийн байр нь 1984 онд ашиглалтад орсноос хойш урсгал засвар л хийгдэж байсан. Өдгөө насжилт өндөр, ашиглалтын шаардлага хангахгүйд хүрсэн төдийгүй хүүхэд сурч хүмүүжихэд тохь тух муутайгаас гадна стандарт зай талбай бага юм.
Өдгөө 490 гаруй суралцагчтай тус сургууль хуучин байрууддаа хоёр ээлжээр хичээллэж, хичээлээс гадуурх сонгон, багш нарын гүнзгийрүүлсэн сургалтууд явуулахад хүндрэлтэй байгаа аж.
Тэгвэл сургуулийн шинэ барилга ашиглалтад орсноор сургуулийн багтаамж нэмэгдэж, сурагчдын суралцах орчин сайжирна. Ирэх сард ашиглалтад орох шинэ хичээлийн байр дээрх бүх тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн, бодит хөрөнгө оруулалт болно гэж Идэр сумын сургуулийн захиргаанаас мэдээлэв.