Улиастай, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан баг Тосонцэнгэл суманд ажиллаж, аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг зохион байгууллаа.
Завхан аймгийн нийт нутгаар 10 дугаар сарын сүүлчээс эхлэн цаг агаар ойр ойрхон муудаж, арванэгдүгээр сард олон жилийн дунджаас ахиу тунадас орсон, агаарын температур хэлбэлзэл ихтэй.
Энэ сараас эхлэн эрс хүйтэрсэн, салхины хүч зарим үед ихэнх нутгаар 10-14м/с, түр зуур 16-28м/с хүрч, цасан шуурга шуурсны улмаас цас хөрлөн хатуурч мал бэлчээрлэхэд хүндрэл үүсч, зам даваа хаагдах нөхцөл байдал бүрдсэн байна.
Нийт нутгаар битүү цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 2-40см, уулархаг нутгаар 40-70см, гуу жалгандаа 50-90см цастай байгаа бөгөөд Баянтэс, Тэс, Отгон, Яруу, Баянхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл суманд зудын эрсдэлийн үнэлгээгээр маш их эрсдэлтэй гарчээ.
Тиймээс тус аймагт Улсын нөөцөөс 495 тонн хивэг тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо.
Мөн эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ болон цас зудын хүндрэлтэй үед туулах чадвар сайтай автомашин болоод аймгийн Онцгой комисс, бусад шуурхай албаны бэлэн байдлыг хангахад зориулж 25 тонн дизель түлш нийлүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн туулах чадвар сайтай Амбер болон Ланд-77 автомашиныг яаралтай тусламж үйлчилгээнд зориулж, далпуу татаж, алслагдсан малчдад өвс тэжээл хүргэх трактор, дизель түлш хүссэн хүсэлтүүдийг Засгийн газарт уламжилж, хэлэлцүүлэхээр боллоо гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
Ташрам мэдээлэхэд ажлын баг 12 дугаар сарын 15, 16-ны өдөр өвөлжилт хүндрээд буй хойд чиглэлийн сумдад ажиллах юм.