Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан баг Завханы хойд бүсийн сумдад ажиллаж байна.
Тэс сумын тухайд Улаанбаатар хотоос 1150 км, аймгийн төвөөс 450 км алслагдсан. Өнөөдрийн байдлаар агаарын температур –47,2 градус хүрч хүйтэрсэн, -30 градусаас давж хүйтэрсэн өдөр 13 хоног, хөрсөн дээрээ -40 давж хүйтэрсэн хоногийн тоо зургаа хоног байна байна.
12 дугаар сарын 7-ноос хойш нийт 24 удаагийн их, бага хэмжээний цас орсон. Нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон, тэгш талдаа 30-40 см, уулын ар биедээ 45-50 см хунгарын зузаантай, хөрийн зузаан 1-5 см хатуурч шуурсан нөхцөлтэй байна.
Өнөөдрийн байдлаар 92 суурьт 361 малчин өрхийн 13.5 мянган толгой мал өвөлжиж хаваржих төлөвтэй байна. Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой малчид малаа их хэмжээгээр нядалж зах зээлд борлуулж байна.
Сумын хэмжээнд өнгөрсөн зун, намар хур тунадас бага, газрын гарц муу байснаас 306,5 тонн өвс, 36 тонн хужир шүү 24.9 тонн малын тэжээл, ногоон тэжээл 75 тонныг малчид мал бүхий иргэд бэлтгэж авсан. Энэ жилийн хадлан тэжээлийн бэлтгэл ажлыг өнгөрсөн жилтэй харьцуулахад гурав дахин бага хадлан тэжээл бэлтгэсэн гэж Тэс сумын Засаг дарга Б.Банзрагч ажлын багт дуулгав.
Ажлын баг Тэс сумын Онцгой комиссын гишүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлуудыг ярилцлаа. Тэс суманд улсын нөөцөөс хөнгөлөлттэй үнээр 40 тонн хивэг олгохоор хуваарилж, Түдэвтэй сумаас ачилт хийгээд байна. Сумын онцгой комисс болон бусад шуурхай албаны бэлэн байдлыг хангахад 5 тонн дизель түлшийг шийдвэрлэлээ.
Түүнчлэн Завханы хойд сумдын хэрэгцээнд зориулж ОХУ-ын Тува улсаас Тэс сумын Арцсуурийн боомтоор түлш шатахуун, гурил, тэжээл импортлох зохицуулалтыг шийдвэрлэхээр болов.
Асгат сумын хэмжээнд энэ жил 54 мянган мал өвөлжиж байгаа бөгөөд дахиж цас нэмж ороод хүйтэрвэл мал улам дордох, малын хорогдол ихээр гарах эрсдэлтэй байгаа аж.
Өнгөрсөн намрын огцом дулаарсан үед зэрэгцэн орсон их хэмжээний цас нь мөсөн бүрхүүл тогтоож, бог мал бэлчээрээр идээшлэх боломжгүй болсон. Бод малын туруу эхнээсээ халцарч байгаа талаар малчид дуулгаж байна.
Шадар сайдаар ахлуулсан Улсын онцгой комиссын ажлын баг Завхан аймгийн Асгат сумын Хайрхан багийн малчин Ш.Дашзэвэгийн хот айлаар орж, өвөлжилтийн нөхцөл байдалд газар дээр нь үнэлэлт дүгнэлт өгч ажиллалаа.
Асгат сумын ЗДТГ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зэрэг төрийн байгууллагууд дундаа нэг УАЗ пургон маркийн автомашинтай байгааг сумын Засаг дарга Ё.Нямрагчаа хэлж, автомашин шийдвэрлэж өгөх хүсэлтийг Шадар сайдад уламжилсны дагуу тус суманд туулах чадвар сайтай автомашин олгохоор болов.
УОК-оос малчид, иргэдийг байгалийн гамшиг, зуд турхан тохиолдсон үед хэрэглэх “Бэлэн байдлын цүнх”-тэй болохыг уриалж, эхний ээлжид загвар болгож бэлдсэн 20 орчим нэр төрлийн анхны тусламжийн хэрэгсэл бүхий багцыг малчдад өгч, танилцууллаа.
Завхан аймгийн Асгат, Баянтэс, Баянхайрхан сумын хувьд газар тариалангийн бүс нутаг хэдий ч өвс нэг кг нь 20 мянган төгрөг, тэжээл 34 мянган төгрөгөөр худалдаж байна гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.
Баянтэс сумын тухайд энэ сарын 10-13-нд эрс хүйтэрч шөнөдөө 37-42 градус хүрсэн бол 13-14-нд шилжих шөнө энэ жилийн хамгийн их хүйтэн болж агаартаа -50 градус, хөрсөндөө -47 градус хүрч хүйтэрснийг сумын Онцгой комиссоос мэдээллээ.
Ажлын баг болон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нар Баянтэс сумын Онцгой комиссын гишүүд, иргэдтэй уулзалт хийж, өвөлжилтийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлууд, нэн тэргүүнд шийдвэрлэх асуудлуудаа ярилцлаа.
Мөн Баянтэс сумын 200 хүүхдийн хичээлийн байр шатсантай холбоотой сумын ЕБС-ийн захирал Ч.Дашхүү болон багш ажилчидтай уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцав.
Хичээлийн байр шатсантай холбоотой сурагчдыг сургуулийн дотуур байранд нэмэлт ээлжээр хичээллүүлж байна. Шатсан байрны залгаа 80 хүүхдийн сургуулийн гал тогооны барилга дээвэр хэсгээрээ шатсанаас хичээлийн хэрэглэгдэхүүн, гал тогооны техник хэрэгсэл шатсан. Мөн дотор ариун цэврийн өрөө шатсанаас хүүхдүүд гадаа жорлонд орж байгаа нь цаг агаар хүйтэн үед хүндрэлтэй асуудал болоод байгаа тухайгаа ажлын багт дуулгалаа.
Улсын төсвийн хөрөнгөөр барьж буй 320 хүүхдийн сургуулийн шинэ барилга 2024 оны 9 дүгээр сард ашиглалтад орно гэж