ХХ зууны Монголын уран зохиолын гол төлөөлөгч, нэрт романч Жигжидийн Бямбын зохиол бүтээлийг судлах, сурталчлан таниулах зорилготой аянд 120 гаруй хүүхэд, багш нар оролцжээ.
Энэ жил зохиолч Жигжидийн Бямбын 90 насны ой тохиож байна. Жигжидийн Бямба нь 1933 оны зун буюу арван зургадугаар жарны нохой жил тэр цагийн Засагт хан аймгийн Цэцэн Сартуулын хушууны Чулуунбаатарын отог, одоогийн Завхан аймгийн Ургамал сумын хоёрдугаар багийн нутаг Хүнгүйн голын Ханжит гэдэг газар төрсөн.
Тэрээр Бага сургууль,1953 онд Худалдааны техникум, УБДС-ийн англи хэлний тусгай сургалт, 1981 онд А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курсийг төгсжээ.
1955 оноос эхлэн уран бүтээл туурвиж, “Талын цэцэг”, “Улаалзай”, “Энэрэлгүй хорвоо”, “Хорвоогийн өнгө”, “Үнэний хорвоо”, “Их аяныхан”, “Хайрын тухай туужууд”, “Заяа тавилан буюу учрах хорвоо” зэрэг олон ном хэвлүүлснээс холбоо гурван туужууд болох 3 хорвоо романууд нь ихээхэн алдартай юм.
Зохиолч Жигжидийн Бямба уншигчдын дунд.
“Хэргийн мөрөөр” хэмээх анхны өгүүллэгээ 1957 онд “Уран зохиолын цоморлиг” гэдэг сэтгүүлд хэвлүүлжээ.
1961 онд хэвлэгдэн гарсан “Талын цэцэг” тууж нь Ардын хувьсгалын 40 жилийн ой угтаж МАХН-ын Төв Хороо, Сайд нарын зөвлөлөөс зарласан уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн тул Монголын зохиолчдын эвлэлийн гишүүнд шууд элсүүлсэн аж.
Нэгдэлжих хөдөлгөөний тухай ганц бичсэн зохиолч Ж.Бямбаас өөр алга гэж тухайн үед Намын Төв Хорооны илтгэлд дурдагдаж байсан удаатай.
Тэрээр жүжгийн зохиол олон бичсэн бөгөөд “Наран гиймэл Улиастай” жүжгийг Завхан аймгийн Хөгжимт-драмын театрын нээлтээр анх тайзнаа тавьсан түүхтэй.
Нэг үе “Талын цэцэг” туужийг их, дээд сургуулийн утга зохиолын хичээлийн хөтөлбөрт оруулж заадаг байсан. Зарим нэгэн туужуудыг нь ерөнхий боловсролын сургуулиудын аравдугаар ангийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт оруулсан түүхтэй.
Жигжидийн Бямбын 90 насны ойд зориулан түүний уран бүтээлийг сурталчлах, таниулах 7 хоногийн аяныг Улиастай сумын Чандмань-Эрдэнэ лаборатори сургууль зохион байгуулсан байна.
Тус сургуулийн Монгол хэлний заах аргын секцийн хамт олны санаачилсан аяны хүрээнд хүүхдүүд зохиолчийн бүтээлүүдээс ишилж, номын шүүмж ярилцах, ханын сонин гаргах, зохиол бүтээлийн талаарх эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулжээ. Аяныг Ж.Бямбын үр хүүхдүүд 1 сая төгрөгөөр ивээн тэтгэж, аянд амжилттай оролцсон багш суралцагчдыг шагнаж урамшуулжээ.
Ж.Бямбын “Сангийн хээр”, “Газар эх” өгүүллэгийг 6-7-р ангийн суралцагчид уншиж, тэмдэглэл хөтлөх уралдаанд Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн 6в ангийн суралцагч Х.Нинжбадгар тэргүүлж, 9 хүүхэд шагналт байрт оржээ.
Мөн Ж.Бямбын уран бүтээлийг сурталчилсан ханын сонин хийх уралдаанд 8-9-р ангийн суралцагчид оролцож, Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн 8г ангийн Ө.Өлзийжаргал ахлагчтай баг тэргүүлж, дөрвөн анги шагналт байрт орсон байна.
Ж.Бямбын уран бүтээлийг сурталчилсан видео контент хийх уралдаанд Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн 11б ангийн Д.Цолмон ахлагчтай баг тэргүүлжээ.
Зохиолчийн романуудаас сонгон уншаад, сонсоод зохиолд дэвшүүлсэн асуудал, дүр, нийгэм цаг үеийн байдал, уран сайхны онцлог зэргээр эсээ бичих мэргэжлийн багш нарын уралдааныг мөн зохион байгуулсан. Энэ уралдаанд Цагаанхайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, уран зохиолын багш С.Ишбалжирын ”Заяа тавилан дахь бүсгүйчүүд” эсээ тэргүүлжээ.
Харин Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б.Бямбасүрэнгийн “Хөлсний үнэ” эсээ хоёрдугаар байр, Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн сургалтын албаны дарга Д.Юнрэндоржийн “Үнэний хорвоогийн үнэнд зорчихуй“ эсээ гуравдугаар байрт шалгарлаа.
Мөн зохиогчийн номоор сэдэвчилсэн номын үзэсгэлэн зохион байгуулах уралдаанд Тосонцэнгэл сумын ерөнхий боловсролын лаборатори 1 дүгээр сургуулийн номын сангаас зохион байгуулсан үйл ажиллагаа шалгарлаа гэж Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулиас мэдээлэв.
Ташрамд дуулгахад, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Ванчаарайн нэрэмжит тус сургуулийн уран зохиолын кабинетад зохиолч Ж.Бямбын үр хүүхдүүд 350 мянган төгрөгийн ном хандивлажээ.