Завхан аймгийн 271 малчин өрх өөрийн аймаг дотор болон гадна аймгийн сумдад отроор өвөлжиж байна.
Отроор өвөлжиж байгаа малчин өрхийн жирэмсэн болон хүүхэд, ахмад настнууд шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тухайн бүс нутгийн эрүүл мэндийн төвд харьяалал харгалзахгүй авах ёстой.
Өнөөдрийн байдлаар өөрийн аймгийн 15 сумын нутагт 10 сумын 68 малчин өрхийн 181 хүн отроор өвөлжиж байна. Үүнд 5 хүртэлх насны хүүхэд 10, жирэмсэн хоёр, өндөр настан 8, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хоёр, архаг суурь өвчтэй нэг иргэн байна.
Харин Хөвсгөл, Архангай, Увс, Баянхонгор, Говь-Алтай гэсэн 12 аймгийн 52 сумын нутагт 15 сумын 203 өрхийн 547 хүн отроор өвөлжиж байна. 5 хүртэлх насны хүүхэд 28, жирэмсэн нэг эх, өндөр настан 11, хөгжлийн бэрхшээлтэй 5, архаг суурь өвчтэй хоёр хүн отрооор өвөлжиж байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.
Завхан аймгийн тухайд аймаг, орон нутгийн эрүүл мэндийн төвүүд өөрийн аймаг, сумын отроор явсан болон тухайн нутаг дэвсгэрт оторлож яваа малчдад эмнэлгийн тусламж, үйлчилгээг чирэгдэлгүй үзүүлэх.
Ялангуяа жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүд, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настанд үзүүлэх тусламж, үйлчилгээнд онцгой анхаарал хандуулж байна. Эрүүл мэндийн байгууллагууд мэдээллийг тогтмол солилцон тэдэнд учирч болох эрсдэлээс сэргийлэх, заавар зөвлөгөө өгөх, хяналтыг тогтмолжуулж байна.
Мөн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн бэлэн байдлыг хангасан тухай аймгийн ЭМГ-аас мэдээлэв.
Отроор яваа гэр бүлийн гишүүд жирэмсэн эх болон ахмад настан, хүүхдэд хэрхэн анхаарал халамж тавих талаар аймгийн ЭМГ-аас зөвлөж байна.
-Отроор яваа гэр бүлийн жирэмсэн эхийг харьяалал харгалзахгүйгээр хамгийн ойр сум, өрхийн эмнэлэгт жирэмсний хяналтад орохыг зөвлөж байна. Мөн тухайн эмнэлгийн эх баригч эмчид 2-3 утасны дугаарыг бүртгүүлэх. Тухайлбал нөхөр, ээж, аав, ах, эгч гэх мэт ойрын хүмүүсийн утасны дугаараа бүртгүүлэх.
Нутаглаж байгаа газартаа хамгийн ойр эмнэлгийн яаралтай дуудлага хүлээн авдаг утасны дугаарыг мэдэх, утсаа байнга нэгжтэй, цэнэгтэй байлгах, сүлжээтэй газраа мэддэг байх хэрэгтэй. Түүнчлэн жирэмсний хяналтын картаа биедээ байнга авч явах. Жирэмсний товлолын үзлэг бүртээ заавал очиж, ураг нярай болон биеийн байдлаа үзүүлэх, зөвлөгөө авах. Ажил, амралтаа зөв зохицуулах, сайн унтаж амарч байх. Шим тэжээл сайтай хоол унд хэрэглэхийг зөвлөж байна.
-Жирэмсний үед ямар шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах вэ?
-Жирэмсний үед дараах аюултай шинж тэмдгүүд илэрвэл эмч дуудах эсвэл өөрт ойрхон өрх, сумын эрүүл мэндийн байгууллагад заавал хандах хэрэгтэй. Тухайлбал ураг хөдлөхгүй болох, хөдөлгөөн цөөрөх.
Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, ус гарах, таталт өгөх. Аюулхай орчмоор өвдөх, дарж байгаа мэт мэдрэмж өгөх, хэвлий доод хэсгээр базалж хүчтэй өвдөх. Шээсний гарц багасах, ойр ойрхон шээх, даралт ихсэх, толгой хүчтэй өвдөх, шилэн хүзүүгээр хөших, нүд бүрэлзэх, арьс салст гэнэт цайх, хөхрөх гэсэн шинж тэмдгүүд илэрвэл шууд эмнэлгийн байгууллагад хандана.
Мөн отроор яваа малчдыг эргэж сум хооронд мэдээллээр ханган ажиллаж байна. Малчин өрхийн судалгааг сум гаргаж, отор хийж байгаа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авч ажиллах талаар харилцан ярилцаж ажиллаж байна.
-Отроор яваа иргэдэд өөр ямар зөвлөгөөг өгөх вэ?
-Отроор яваа иргэдийг болзошгүй гамшиг, хөлдөлт, осголтоос сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар, яаралтай түргэн тусламж дуудах дуудлагын нөхцөл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, суурь өвчтэй хүний хяналт, шаардлагатай эмийн нөөцийг сумын Эрүүл мэндийн төвүүд бэлтгэсэн, нөөц бүрдүүлэлтийн мэдээллийг цаг тухай бүр авч байна.
Отроор яваа иргэдэд онцгойлон өгөх зөвлөгөө нь цаг агаар эрс хүйтэрч осголт хөлдөлт их байгаа тул хөлдөлтөөс урьдчилан сэргийлэхийг зөвлөмөөр байна. Хүйтний нөлөөллөөр биеийн арьс, гүний эд, эрхтэнд хэсэг газрын өөрчлөлт илрэхийг хөлдөлт гэнэ. Хүйтний нөлөөллөөр судас агшиж, цус урсахаа байж, бүлэн үүсэж, эд эрхтэн тэжээлээ алдан үхэждэг. Улмаар биеийн захын хэсгүүд болох гар хөлийн хуруунууд, чих, хамар, хацар, эрүү, гар, хөлийн үзүүр ихэвчлэн хөлддөг байна.
Хөлдөлтийн гурван үе шат байдаг. Нэгдүгээрт, арьс цайж хатуурах боловч, гэссэний дараа судас өргөссөнөөс, улайж хавагнана. Хоёрдугаарт жижиг үений хөдөлгөөн хязгаарлагдаж, хөдөлгөхөд өвдөлттэй, арьс хатуурч цайран цэврүү үүснэ. Гуравдугаарт, хөлдсөн хэсэг хүйтэн, эрс хатуурсан байна. Том, том цэврүүнүүд үүснэ. Арьс үхэжнэ, өөх булчин хүртэл гүнзгий шархлаа үүснэ. Дөрөвдүгээрт, яс, үендээ хүртэл гүн хөлдөлт үүснэ. Гэссэний дараа арьс харлана, хатна, үхэжнэ. Тиймээс хөлдөлтийн үед үзүүлэх анхны тусламжийг мэддэг байх хэрэгтэй.
Тухайлбал, аажим дотроос нь гэсгээх хөлдсөн мөчийг дулаан хучиж, гялгар уут углаад 5–6 цагийн турш бүлээн жин тавих. Хөлдсөн мөчийг уламжлалт аргаар гэсгээх, хүйтэн усанд дүрээд аажим усны температурыг нэмж, иллэг хийх. Идэвхтэй аргаар бүлээн усанд гэсгээх, халуун устай ваннанд 30–45 минутын турш дүрнэ. Усны температур 38-40 орчим хэм байна.
Анхны тусламж үзүүлсний дараа эмнэлгийн байгууллагад яаралтай хандах хэрэгтэй юм. Осголт хөлдөлтөөс урьдчилан сэргийлж болно. Ингэхдээ хувь хүний зүгээс дасан зохицох чадвараа сайжруулах, биеэ чийрэгжүүлэх, хувцас хоолоо тохируулах. Архи тамхи, мансууруулах хорт зуршлаас ангид байх хэрэгтэй. Мөн ажил амьдралаа зөв зохион байгуулах нь чухал. Түүнчлэн хүйтэн сэрүүн нөхцөлд удаан хугацаагаар ажиллахад гутал, хувцсаа тохируулж өмсөх нь зүйтэй.