“Асарын өндөр“ жүжгийн үзэгч хүүхдүүдийн дунд зарласан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорчээ.
Огторгуйн цагаан Гарьд сан, Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын хамтын бүтээл “Асарын өндөр“ жүжгийн үзэгч хүүхдүүдийн дунд зарласан эсээ бичлэгийн уралдааны шилдгүүд тодорч шагналаа гардан авлаа.
Эсээ бичлэгийн уралдааны тэргүүн байрыг Улиастай сумын Лаборатори Чандмань-Эрдэнэ сургуулийн 10а ангийн сурагч Ю.Гүнбишрэлт, дэд байрыг Улиастай сумын 4-р сургуулийн 12б ангийн сурагч И.Мягмардорж, гуравдугаар байрыг Улиастай сумын 4-р сургуулийн 12а ангийн сурагч А.Мягмарсүрэн, тусгай байрыг Улиастай сумын Лаборатори Чандмань-Эрдэнэ сургуулийн сурагч 12а ангийн сурагч Н.Маралжингуа, Улиастай сумын 4-р сургуулийн 10б ангийн сурагч Б.Ундрах нар тус тус эзэлж, дурсгалын зүйл мөнгөн шагналаар шагнууллаа.
Шилдэг оролцогчдын эсээ нь жүжгийн утга санааг маш сайн ойлгосон, Хүннүгийн түүх археологийн дурсгалын талаар цэгцтэй тайлбар дүгнэлтүүд хийсэн. Жүжгийн үйл явдал дүрүүдийн холбоо хамаарал уялдааг сайн гаргасан, логик холбоос сайтай байсныг жүжгийн түүхийн зөвлөх Ж.Мөнхдэлгэр онцоллоо.
Ташрамд, 2022 онд Завхан аймгийн Алдархаан сумын нутаг, Ямаан уснаас Хүннүгийн язгууртны томоохон дурсгалт газар илэрч, түүхийн ховор олдвор болж бүртгэгдсэн.
Ямаан усны дурсгалт газраас 20-иод км-ийн зайд хот суурины туурь болон Хүннүгийн энгийн иргэдийн булш дурсгалууд олон тоотой байгаа нь Хүннүгийн гүрний үеийн суурьшлын томоохон бүс байсныг батлан харуулсан юм. Энэхүү түүхэн үйл явдлыг улс, орон нутгийн хэмжээнд сурталчлан таниулах, эх орныхоо түүхийг дээдлэх.
Хойч үедээ энэхүү түүхийг сурталчлан таниулах, бахархуулах, соён гэгээрүүлэх, зорилгын хүрээнд Завхан аймгийн 100 жилийн ойд зориулан Б.Цогнэмэхийн зохиол “Асарын өндөр“ түүхэн жүжгийг туурвиж үзэгчдэдээ өргөн барьсан билээ.
Энэхүү жүжгийг тайзнаа амилуулах ажлыг Огторгуйн цагаан Гарьд сан, УГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр хамтран зохион байгуулсан юм. Соёлын бүтээлч сарын хүрээнд түүхэн жүжгийг Улиастайд нийт таван удаа тайзнаа тавьсан бөгөөд үзэгчдийн 50 гаруй хувь нь хүүхдүүд байсан юм гэж Завхан аймгийн хөгжимт жүжгийн театраас мэдээлэв.
“Асарын өндөр” түүхэн жүжгийн талаарх эсээ бичлэгийн уралдааны тэргүүн байрыг эзэлсэн Улиастай сумын Лаборатори Чандмань-Эрдэнэ сургуулийн 10а ангийн сурагч Ю.Гүнбишрэлт эсээгээ “Асарын өндөр заяандаа талархъя” хэмээн нэрлэж,
…Жүжгийн нэрт зохиолч Б.Цогнэмэх уг бүтээлдээ амин хувийн ашгийг төрийн хэргээс дээгүүр тавьж, хууран мэхлэх, нэр төр, эрх мэдэлд шунахайрах, урван тэрслэх бусармаг явдлыг шүүмжлэн, эв нэгдэл, шударга үнэнч байдал чухал үнэ цэнтэй гэсэн санааг дэвшүүлэн тавьсан нь энгийн хэрэг биш юм. Одоо ч гэсэн манай нийгэмд ийм явдал байгааг сануулан сэрэмжлүүлсэн гэлтэй…
…Жүжгийн төгсгөлд “Худал гэдэг үнэнд гүйцэгддэг” жам зүй тогтлоор Отухан баатар төр улсаа захиран Хүн гүрний баруун гарын төр ёс дахин сэргэж “Өв соёл, түүх бичиг устваас үндэстэн, улс гүрэн мөхдөг” болохыг хүн арддаа тунхаглан, Хүн гүрний ард түмний ялалтаар жүжиг өндөрлөж байна.
…“Нэр гэдэг утгатай. Юм бүхэн учиртай” гэгчээр “Асарын өндөр” жүжгийн нэрийн утга бэлгэдлийг өөрийн ухааны ертөнцөд ухваас, -Отухан буюу Отгон гэдэг нь “Галын эзэн” гэсэн утгатай бөгөөд Хамаг монголчуудыг даадаг Отгонтэнгэр хайрхныг маань цаагуураа дам цохон өргөмжилсөн юм шиг санагдана. Даяан-Ай гэдгийг Отгонтэнгэр хайрхны баруун хойно байдаг Даян хайрхныг төлөөлсөн гэлтэй…
…“Эх түүх, өв соёлоо дээдлэх үзэл гэдэг бол тусгаар тогтнолын гол дархлаа гэдэг утга сургамжаар тархийг минь цэнэглэж, бахархах, омогших үзлээр ертөнцийг минь сэрээсэн Асар өндөр заяандаа талархъя” хэмээн онцолжээ.