Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуулийг доктор, академич Х.Намсрайн нэрэмжит болгоно.
Цагаанхайрхан сумын Ерөнхий боловсролын сургуульд физикийн кабинет байгуулж, академич Х.Намсрайн талаарх амжилт, шинэ нээлтүүдийн талаарх сонирхолтой мэдээлэл, түүхүүдийн талаар хүүхэд залуучуудад таниулах буланг байнга ажиллуулдаг болжээ.
Мөн физикийн шинжлэх ухааныг илүү ойлгож суралцах хүүхдүүдийн тоог нэмэх, бусад сургуулийн багш нартай нээлттэй сургалт уулзалт зохион байгуулах гэхчлэн физикийн шинжлэх ухаантай холбоотой үйл ажиллагаануудыг зохион явуулж байна.
Цаашид тус сургуулийг Х.Намсрайн нэрэмжит болгож амжилтуудыг нь хүүхэд багачууд, олон нийтэд таниулахаар зорьж буй.
Академич Хавтгайн Намсрай 1943 онд Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн. Москвагийн их сургуулийг 1968 онд дүүргэсэн. Сургуулиа төгссөнөөс хойш математикийн салбарт тасралтгүй 46 жил ажиллаж байгаа эрдэмтэн.
Түүний ажлын амжилт, үр дүнгээс товч дурдвал Физикийн салбарт Ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онолыг боловсруулан квант физикийн онолд шинэ чиглэл гаргаж, дэлхийн физикчдийн дунд нэрд гарсан “Намсрайн онол”, “Намсрайн дөхөлт” гэсэн онол, арга зүйн шинэ шийдэл, томьёоллыг бий болгосон.
Математикийн салбарт Интеграл, дифференциал тоололд шинэ чиглэл гаргаж, интегралыг бодох оновчтой шийдэл, түгээмэл томьёонуудыг боловсруулсан байна.