Завхан аймаг дахь Төрийн аудитын газраас өнгөрсөн жил байгаль орчин, төрийн болон төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлсэн ажлуудад аудит хийжээ.
Мөн орон нутгийн төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж олон нийтэд аудитын үйл ажиллагааг сурталчлан таниулах олон талын үйл ажиллагааг явуулжээ. Энэ талаарх мэдээллийг Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Д.Бат-Ундраатай ярилцаж тодрууллаа.
-Өдрийн мэнд хүргэе. Төрийн аудитын байгууллагын жилийн зорилтын талаар иргэдэд мэдээлэл өгөхгүй юу? Учир нь иргэд аудитын байгууллагыг яг ямар ажил хийдэг талаарх ойлголт бага байдаг ?
-Төрийн аудитын байгууллага тухайн цаг үед тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гарц шийдлийг оновчтой болгох зорилгоор жил бүр тодорхой нэг зорилт дэвшүүлэн ажилладаг юм.
Өнгөрсөн жилийн тухайд “Аудитын шийдвэрийн хэрэгжилт, түүний үр нөлөө, ил тод хариуцлагатай байдлыг сайжруулах жил” болгон зарлаж үйл ажиллагаагаа явууллаа.
Өөрөөр хэлбэл манай байгууллага нь Үндэсний аудитын газрын хуулиар тодорхойлсон чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлэн, орон нутаг дахь төрийн байгууллагуудын төсвийн хөрөнгийн арвилан хэмнэлт, үр ашиг, үр нөлөөтэй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллага юм.

-Завхан аймгийн төрийн байгууллагуудын 2022 оны санхүүгийн тайлангийн аудит хийсэн тайлан, дүгнэлттэй танилцсан. Аудитын тайлан, дүгнэлтээс онцолж хэлэх хэсгүүд юу байна вэ?
-Төрийн аудитын байгууллагын жил бүр хуулийн дагуу хийдэг томоохон аудитын нэг бол санхүүгийн тайлангийн аудит юм. Энэ онд санхүүгийн тайлангийн аудитад нийт 303 байгууллагыг хамруулж, 107 байгууллагын санхүүгийн тайланд үе шатны ажлыг хэсэгчлэн аудит хийж, 196 байгууллагын санхүүгийн тайланд бие даасан дүгнэлт өгсөн байна.
Санхүүгийн тайлангийн аудитаар бие даан санал дүгнэлт өгсөн 196 нэгж байгууллагуудаас 154 буюу 78.6 хувьд нь өөрчлөлтгүй, 37 буюу 18.9 хувьд нь хязгаарлалттай, 5 буюу 2.5 хувьд нь сөрөг санал дүгнэлтийг өгч ажиллалаа.
Тус аудитаар нийт 42.629,7 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлж, аудитын явцад 7.366,50 сая төгрөгийн алдааг залруулж, 189.5 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 8.934,1 сая төгрөгийн зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх албан шаардлага хүргүүлсэн байна. Харин 24 321.3 сая төгрөгийн зөрчлийг арилгах, үйл ажиллагааг сайжруулахад дэмжлэг өгөх зөвлөмжийг өгч ажилласан.
Оны эцсийн байдлаар төлбөрийн актын барагдуулалт 97.7 хувь, албан шаардлагын хэрэгжилт 98.2 хувь, зөвлөмжийн биелэлт 98.5 хувийн хэрэгжилттэй байна.
Мөн ажлын хариуцлага алдаж, албан үүргээ хангалттай түвшинд гүйцэтгээгүй 12 албан хаагчид хариуцлага ногдуулах саналыг эрх бүхий албан тушаалтнуудад хүргүүлснээс тав нь биелэлт хангагдаж долоо нь хэрэгжилтийн шатандаа явж байна.
-Улс, орон нутгийн төсвийн 2022 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, үр дүнд гүйцэтгэлийн аудит хийсэн байсан. Ямар санал зөвлөмжийг өгсөн бэ?
-Аудитаар улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2022 онд хэрэгжсэн төсөл, арга хэмжээг хуульд нийцүүлэн төлөвлөөгүй, гүйцэтгэлд тавих хяналт хангалтгүй байна гэсэн дүгнэлт өгсөн.
Тухайлбал дээрх гүйцэтгэлд 31,070.8 сая төгрөгийн зөрчил илрүүлж, 19.8 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоосон байна.
Мөн 12,165.7 сая төгрөгийн зөрчилд албан шаардлага хүргүүлж, 1,215.1 сая төгрөгийн зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцуулах саналыг хүргүүлж, 17,670.2 сая төгрөгийн зөрчилд зөвлөмж хүргүүлж ажилласан байна.
-Нийцлийн аудит гэдгийг тодруулж тайлбарлаж өгөхгүй юу? Өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн нийцлийн аудитын тайлан, дүгнэлтээс товч танилцуулбал ?
-Төрийн аудитын зорилгыг “Нийтийн мөнгийг захиран зарцуулах нь итгэл дээр тулгуурладаг учир аудитын үзэл баримтлал, тогтолцоо нь төрийн санхүүгийн удирдлагад агуулагдаж байдаг.
Аудит нь өөрөө эцсийн зорилго биш, харин зохицуулалтын тогтолцооны салшгүй хэсэг бөгөөд түүний зорилго нь тогтсон стандартаас гажсан, хууль ѐс, санхүүгийн удирдлагын үр ашигтай, үр нөлөөтэй, арвич хямгач байдлын зарчмыг зөрчсөн тохиолдлыг аль болох эрт илрүүлэн засаж залруулах боломж олгох, зарим тохиолдолд, холбогдох этгээдэд хариуцлага хүлээлгэх, хохирлыг барагдуулах иймэрхүү зөрчлөөс урьдчилан сэргийлэх буюу наад зах нь түүнийг багасгах арга хэмжээ авах явдал юм” гэж тодорхойлдог ба үүнд нийцлийн аудит хамаарна.
Нийцлийн аудит гэдэг нь шалгагдагч байгууллагын дүрэм журам, хууль тогтоомж, бодлого, тогтоосон дүрэм, гэрээний нөхцөл, эсвэл санхүүжилтийн хэлэлцээрийн нөхцөл зэрэг тохиролцсон нөхцөлүүдийг дагаж мөрдөх хэр хэмжээний асуудлыг зохицуулахыг хэлнэ.
Энэ онд нийцлийн хоёр томоохон аудитыг хийж гүйцэтгэсэн. Тухайлбал “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт аудитаар “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийн бүрдүүлэлт, зарцуулалт хууль, журмын дагуу хэрэгжээгүй байна” гэсэн дүгнэлт өгсөн байна.
Нийт 9,046.7 сая төгрөгийн зөрчил илрүүлэн, 167.1 сая төгрөгийн зөрчилд албан шаардлага хүргүүлж, 8,879.6 сая төгрөгийн зөрчилд 15 заалт бүхий зөвлөмж хүргүүлэн ажилласан байна.
Мөн “Хүүхдийн зуслангийн хувьчлал, хууль тогтоомжийн нийцэл” сэдэвт аудитаар аймгийн “Даян-Очир хүүхдийн зусланг хувьчлах сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжийн дагуу явуулаагүй” гэсэн дүгнэлт саналыг өгч, Үндэсний аудитын газарт хүргүүлээд байна.
-Өнгөрсөн онд харилцагч талуудын оролцоог хангах талаар танайхаас ямар ажлууд хийв ?
-Төрийн аудитын үйл ажиллагаанд мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачдын оролцоог хангаж, санал авч тусгаснаар аудитын үр дүн, чанарт сайнаар нөлөөлдөг.
Энэ ч утгаараа МУИС-ийн Завхан сургуультай хамтран ажиллах санамж бичгийг байгуулан гүйцэтгэлийн хоёр аудитад МУИС-ийн багш, судлаачдыг оролцуулан ажилласан нь үр дүнтэй байсан.
-Тэгвэл аудитын үйл ажиллагаанд иргэд олон нийт оролцох боломжтой юу. Боломжтой бол иргэдийг хэрхэн оролцуулж байна вэ?
-Аудитын үйл ажиллагаанд иргэд, олон нийт оролцох боломжтой.
Тухайлбал бид өнгөрсөн жил иргэд олон нийтийн оролцоог төрийн аудитын үйл ажиллагаанд татан оролцуулах, олон нийтэд ил тод нээлттэй үнэн зөв мэдээллийг хүргэх зорилгоор Оюунлаг таны туслагч ТББ-тай хамтран хоёр удаагийн хэлэлцүүлэг сургалт болон аудитын сэдэв сонгох ажлыг хамтран зохион байгуулж хэрэгжүүлсэн.
Энэ нь маш үр дүнтэй ажил болсон.
Мөн аймгийн ИТХ, аймгийн ЗДТГ, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт нэг сарын аяныг амжилттай зохион байгуулан ажилласан байна.
Цаашид иргэд, олон нийтэд хандсан үйл ажиллагааг жил бүр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
-Аудитын байгууллагаас зөвлөн туслах талаар ямар арга хэмжээ зохион байгуулж байна вэ?
-Төрийн аудитын байгууллагыг зөвхөн хянан шалгадаг, алдаа зөрчил илрүүлдэг.
Төлбөрийн акт, албан шаардлага, зөвлөмж өгдөг зэргээр л төсөөлдөг бол зөвлөн туслах үйл ажиллагааг аудитын байгууллагаас тухай бүрд нь өгч ажилладаг юм.
Жишээлбэл аудитын гүйцэтгэх үе шатанд, ярилцлагын явцад, тайлагналын дараах үе шатанд зөвлөгөө, зөвлөмжийг өгдөг юм.
2023 онд гэхэд аймгийн нийт санхүүгийн ажилтнуудад аудитаар илэрсэн алдаа, зөрчлийнх нь талаар болон ирэх оны санхүүгийн тайлангийн аудитын талаарх сургалтыг хийсэн байна.
Мөн аймгийн ЗДТГ-тай хамтран Тосонцэнгэл, Түдэвтэй, Тэс сумдад 13 сумын 78 төсвийн шууд захирагч, нягтлан бодогч нарт сургалт, хэлэлцүүлэг зөвлөн туслах ажлыг зохион байгуулсан.
Ер нь төрийн салбарт ил тод байдал, хариуцлага болон сайн засаглалын ухагдахуунууд нь үндсэн чухал зарчмууд юм. Төрийн байгууллагууд иргэдийн төлөө ямар үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа, эдгээр үйл ажиллагаанд ямар нэг хязгаар байгаа эсэх, хүрэхээр зорьж буй нэгдсэн зорилт болон иргэн бүрийн хуулиар тогтоосон эрхийг хэрхэн хамгаалах талаар хууль тогтоомжид тусгаж болно.
Түүнчлэн төрийн байгууллагууд нийтийн хөрөнгийг зүй зохистой удирдах үүрэг хүлээдэг. Төрийн байгууллагууд болон тэдгээрийн томилогдсон албан тушаалтнууд өөрсдийн үйл ажиллагаагаа ил тод байлгах, ард түмний хариуцуулсан хөрөнгийг сайн зохион байгуулах ба хариуцах чадвартай байх үүрэг хүлээдэг.
Төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа холбогдох эрх бүхий байгууллагын хууль тогтоомж, дүрэм журмын дагуу явуулах, ард иргэдийн хуулиар тогтоосон эрхийг хамгаалах зэрэг асуудлуудад хяналт тавих нь төрийн хяналтын чухал чиг үүрэг юм. Ерөнхийдөө төрийн аудитаар, ялангуяа нийцлийн аудитаар, дээр дурдсан үндсэн зарчмуудыг дагаж мөрдөж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавихад төрийн аудиторууд туслалцаа үзүүлдэг юм.