Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийн мөнгөн дүн нэмэгдсэнтэй холбоотой иргэдийн асаргаанд орох хандлага нэмэгдсэн байна.
2023 оны долоодугаар сард нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийн мөнгөн дүн нэмэгдсэнтэй холбоотойгоор зарим иргэд асаргаа сувилгаанд хамрагдах сонирхолтой болжээ .
Үүний дагуу 24 сумын мэргэжилтэнд чиглэл хүргүүлж сумын амьжиргааг дэмжих зөвлөлийн үйл ажиллагааг сайжруулж, хүсэлт гаргасан иргэдийн гэрт нь очиж нөхцөл байдлын үнэлгээг хийж шийдвэрээ гаргадаг болсон гэж аймгийн ХХҮГ-аас мэдээлэв.
Завхан аймагт 73355 хүн амтайгаас 3.9 хувь буюу, 2896 нь тусгай хэрэгцээт иргэн байна. Энэ тоо жил ирэх тусам байнгын өсөх хандлагатай байдаг.
Аливаа төрлийн осол гэмтлээс үүдэн “олдмол” байдлаар болон жирэмсэн эхийн амьдралын буруу зан үйл, удамшлын хүчин зүйлээс шалтгаалан “төрөлхийн” тусгай хэрэгцээтэй болж байгаа эдгээр хүмүүсийн тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж урьдчилан сэргийлж болох хүчин зүйлсэд онцгой анхаарч ажилласан тухайгаа аймгийн ХХҮГ-аас мэдээлэв.
Нэгэнт тусгай хэрэгцээтэй төрсөн иргэдийн хувьд ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхалд өртөлгүйгээр бусадтай адил нийгмийн амьдралд оролцож бие даан амьдрахад нь шаардлагатай боломж нөхцөлийг бүрдүүлэх, хууль эрх зүй, дэд бүтэц, нийгмийн харилцаа хандлага гээд олон зүйлийг өөрчилж, шинэчлэх, засаж залруулах талаар 24 сумын мэргэжилтнүүдэд өнгөрсөн жил цуврал сургалтуудыг зохион байгуулсан аж.
Мөн бусад төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн ажилтнуудтай нягт хамтран ажиллажээ.
Нийгмийн халамжийн сангаас 2023 онд тусгай хэрэгцээтэй иргэдэд үзүүлсэн хөнгөлөлт тусламжийг илүү тэгш, хүртээмжтэй хүргэхийг зорьсон байна.
Тухайлбал тусгай хэрэгцээтэй иргэнийг хиймэл шүд хийлгэх хөнгөлөлт, тусгай хэрэгцээтэй хүүхдийн асран хамгаалагчид цэцэрлэг сургуульд ирж очих унааны зардлын хөнгөлөлт, бүрэн хараагүй, ярианы болон сонсголын бэрхшээлтэй хүний харилцаа холбооны зардал, 1000 км-ээс дээш алслагдсан газарт оршин суудаг тусгай хэрэгцээтэй иргэний замын зардлын хөнгөлөлтүүдийг үзүүлжээ.
Дотоодын рашаан сувиллын хөнгөлөлт, оршуулгын зардал, сонсголын дижитал аппарат, түлшний үнийн хөнгөлөлт гээд нийт 1445 иргэнд зориулалтын дагуу халамжийн сангаас олгожээ.
Тусгай хэрэгцээтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол, нийгмийн хамгааллын комисс нь өнгөрсөн жил нийт 16 удаа хуралдаж, 139 хүүхдийн байнгын асаргааны сунгалтыг хийж шинээр 16 хүүхэд орсон байна. Мөн 156 хүүхдэд эрүүл мэндийн бусад үйлчилгээнд зуучилж комиссын дүгнэлт гаргаж өгсөн байна.