“Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдаанд тус аймгийн багш, сурагчид өндөр амжилт үзүүллээ.
Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сониноос “Монголын сайхан бичигтэн” уралдааныг 27 дахь жилдээ олон улсын болгон өргөжүүлэн зохион байгуулсан юм. БШУЯ, Соёлын яам дэмжин хамтран ажиллаж, уралдаанд нийт 1650 орчим хүн бичлэг, бүтээлээ ирүүлсэн байна.
Энэхүү уралдааны “12 дугаар ангийн сурагчид” ангилалын тэргүүн байрыг Завхан аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн 12г ангийн сурагч Т.Хонгорзул, хүртэж МУИС-д урилгаар 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхээр шагнуулав.
Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагч Т.Хонгорзул
“Бичвэрийн бус бүтээл” ангилалын тэргүүн байрыг Завхан аймгийн Улиастай сумын Лаборатори Чандмань эрдэнэ сургуулийн 7б ангийн сурагч З.Монголжингоо, тусгай байрыг Тосонцэнгэл сумын 2 дугаар сургуулийн 12г ангийн сурагч Э.Мөнхжин, мөн Улиастай сумын Лаборатори Чандмань эрдэнэ сургуулийн Б.Бямбасүрэн багштай 7б анги тус тус эзэлжээ.
Улиастай сумын Лаборатори Чандмань эрдэнэ сургуулийн сурагч З.Монголжингоо
Харин “Насанд хүрэгчид” ангилалын тусгай байрт Их-Уул сумын иргэн, “Е-Монголиа” цахим үйлчилгээний нэгдсэн порталын олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Баянжавзан оржээ.
Тэрээр эх бичиг судлалын магистр, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны хошой аварга Б.Алтантуяагийн шавь бөгөөд Монголын сайхан бичигтэн улсын уралдааны 2019 оны дэд, 2021 оны тэргүүн байрын шагналыг хүртсэн ажээ.
Их-Уул сумын иргэн Б.Баянжавзан
Энэ жилийн онцлох, тэргүүн байрын бүтээл болох Улиастай сумын “Чандмань Эрдэнэ” сургуулийн долдугаар ангийн сурагч З.Монголжингоо нь “Очирваань”, “Этүгэн” хэмээх зүү ороож оёсон хос бүтээлээ хоёр сарын турш урлажээ. Завхан нутгийнхаа их хайрхны нэрийг бийрээр бичиж, хамгийн нарийн торгон утсаар зүүн ороож урласан бүтээлийнх нь гол зөвлөгч нь түүний ээж Монгол Улсын уран хатгамалч Б.Мөнхтуяа юм.
Хурганы арьсан дээр монгол бичгээр зүү ороож оёсон бүтээл
Манай ангийн суралцагч З.Монголжингоогоос гадна бид ангиараа Монголын сайхан бичигтэн олон улсын уралдаанд амжилттай оролцсон.
Бичвэрийн бус бүтээлийн ангийн төрөлд, 7б ангийн минь 33 суралцагч оролцож, хурганы арьсан дээр “Хөх Монгол хэмээсний учир” эхийг бичиж, хадны сүг зургаар чимэглэсэн бүтээлээрээ тусгай байранд шалгарсан. Мөн манай ангийн суралцагч У.Чимэдлхамын хонины сархинаг дээр зүү ороож оёсон бүтээл нь шилдэг бүтээлийн үзэсгэлэнд шалгарч оролцлоо.
Хонины сархинаг дээр монгол бичгээр зүү ороож оёсон бүтээл
Үндэсний бичиг соёл, өв уламжлалаа тээж түгээх эрхэм сайхан үйлсийг түүчээлж байгаа суралцагчдадаа болон дэмжиж тусалсан эцэг эх асран хамгаалагч нартаа баярлалаа.
Монголын сайхан бичигтэн олон улсын уралдааны шагнал хүртсэн Завхан аймгийн багш, сурагчид
Түүнчлэн дээрх бүтээлүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгсөн Монгол улсын уран хатгамалч Б.Мөнхтуяа, монгол хэл уран зохиолын багш Б.Урангоо, зураач Б.Батсуурь, сийлбэрчин Г.Батгэрэл, оёдолчин н.Удаанжаргал нарт халуун баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн Улиастай сумын Лаборатори Чандмань эрдэнэ сургуулийн монгол хэл уран зохиолын багш Б.Бямбасүрэн хэллээ.