Завхан аймаг өнгөрсөн онд эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулалт техникийн шинэчлэлт хийх, эмч нарын ур чадварыг дэмжих олон талын ажлыг хийснээр үр дүнд хүрчээ.
Тухайлбал CRM–рентген аппаратыг аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн хагалгааны өрөөнд суурилуулснаар мөчдийн ясны хугарлыг далд аргаар хадаж бэхлэх тусламж үйлчилгээг нэвтрүүлжээ.
Өнөөдрийн байдлаар таван хүнд мөчдийн ясны хугарлыг далд аргаар хадаж бэхлэх, нүдний болор солих хагалгааг 12 хүнд, улаан хоолойн өргөссөн судсыг дурангаар боох мэс ажилбарыг таван хүнд хийжээ.
Мөн ходоод улаан хоолойн эрт үеийн хавдрын салст хуулах дурангийн мэс заслыг хоёр хүнд, ходоод бүдүүн гэдэсний ургацаг дурангаар авах ажилбарыг 34 хүнд хийсэн байна.
Чих хамар хоолойн хамрын таславчийн муруй засах болон хэнгэрэг нөхөх мэс заслыг 47 хүнд, ходоод тайрах мэс заслыг 2 хүнд, нойр булчирхайн үхжилт үрэвслийн мэс заслыг 3 хүнд, гэмтлийн шалтгаант зүүн гарын артери шөрмөс булчин залгах микро мэс заслыг нэг хүнд амжилттай хийсэн байна.
Түүнчлэн бөөрний хавдар авах мэс заслыг нэг хүнд, нойр булчирхайн толгой сүүл хэсэгт хяналтын гуурс байрлуулах мэс заслыг гурав, ходоод тайрах мэс заслыг гурван хүнд тус тус амжилттай хийжээ. Дээрх мэс засалд орсон иргэдийн биеийн байдал сайн, мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээндээ хамрагдсан байна.
Аймгийн Нэгдсэн эмнэлэг 3-р шатлалын эмнэлэгт хийдэг дээрх төрлийн мэс заслуудыг өөрийн орон нутагтаа хийдэг болсон төдийгүй, хугацаа алдахгүй оношлох, эмчлэх, нөхөн сэргээх, мэс ажилбарууд, мэс заслыг хийдэг болсон.
Мөн хиймэл оюун ухаанаар умайн хүзүүний хавдрыг орон нутагтаа эрт илрүүлдэг болсон.
Энэхүү эрт илрүүлэх үзлэгт нийт 367 хүн хамрагдаж өөрчлөлттэй онош 27, хавдрын нэг тохиолдлыг оношилж баталжээ.
“CerviCare AI” хиймэл оюун ухаанд суурилан эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдрыг хамгийн бага зардлаар хамгийн эрт илрүүлэх боломжтой технологийг “AI Medi Mongolia” компани Монголд нэвтрүүлсэн аж.
Манай улс нь умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл болон нас баралтаар Ази Номхон далайн бүс нутагтаа тэргүүлж байгаагаас гадна өнөөгийн байдлаар Монгол Улсын эмэгтэйчүүдийн хорт хавдраар нас баралтын нэгд умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна.
Тиймээс умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл болон нас баралтыг бууруулах зорилгоор энэхүү технологийг хөдөө орон нутагт нэвтрүүлсэн аж.
Өнгөрсөн жилд эрүүл мэндийн салбарт бодит хөрөнгө оруулалт хийсэн, эмч нарынхаа ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлснээр орон нутгийн иргэдэдээ чанартай хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх нөхцөл бүрдсэн гэж аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв.
Ташрамд дуулгахад, 2023 онд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 113170 амбулаторийн үзлэг хийснээс урьдчилан сэргийлэх үзлэгт 10963 хүн бүртгэгдэж, 7396 хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн байна.