Энэ онд “Завхан гол” дуу мэндэлсний 35 жилийн ой тохиож байна.
Завхан гол дууны үгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Н.Лутбаяр 1989 онд 25 настайдаа бичсэн байна.
Тэрээр: -“Тухайн үед хадам аав маань Завхан аймгийн намын хорооны үзэл суртлын хэлтсийн нарийн бичгийн даргаар ажилладаг байв. Нэг удаа миний хөл бэртээд гипстэй гэртээ байхад машиндаа суулгаад аваад явлаа. Очсон чинь, Англид элчин сайдаар ажиллаж байсан Завхан аймгийн Дөрвөлжин сумын Нямдаваа гэж хүн байсан.
Тэгэхэд би Завхан голын элсэн талд нь анх удаа гарч үзэж байсан юм. Хүн эхийн хэвлийд байхдаа л тийм байдаг болов уу гэмээр голын урсгал их сонин. Ус ч биш, элс ч биш, халуун ч биш, бүлээн ч биш. Хүн эхийн хэвлийд яаж байдгийг мэдэхгүй юм. Хэрэв эхийн хэвлийд хүн байх үеийг илэрхийлж болдог бол тэр орон зайг юу гэж тухайн үед харж болох вэ. Тэгэхэд тэр хүн “Би ертөнцийн диваажинд ирж байгаа мэт ийшээ л ирэх гэж зүтгэх юм” гэж байсан. Тэр холоос хүн юу бодож нутагтаа ирдэг, наашаагаа яаж нүүдгийг мэдэхгүй ч их сонин мэдрэмж төрсөн. Тэр хүний хэлж байгаа үг, тэр голын төрх байдал элсний нүүдэлтэй адил санагдсан. Тэгээд л “Элсний нүүдэл шиг чимээгүй” гэсэн мөрт орж ирсэн.
Тэгэхээр би Завхан гол дууны шүлгийг бичсэн гэхээс илүү тэр хүний байдал энэ шүлгийг бичүүлсэн байгаа байхгүй юү.
-Ингээд “Завхан гол” шүлгийг бичээд, байж байтал хөгжмийн зохиолч Г.Жамъян багш надад нэг ая сонсголоо. Өнөө ая нь “Завхан гол” шүлэгт тохирох юм шиг санагдсанаар, энэ дуу бүтэж байлаа” гэж дууны шүлгийг зохиогч өнгөрсөн онд хэвлэлд ярилцлага өгөхдөө дурджээ.
Завхан гол
…Өрмөл шаргалыг хормойдсон
Өмнийн нарыг түнэлсэн
Хадаг яндар Завхан гол
Хаа хүрэхээр тэмүүлнэ вэ
Ээ Завхан гол
Элсний нvvдэл шиг чимээгүй
Ай Завхан гол
Анир үргээж адуу тургилна хэмээн хүн бүрийн аманд өөрийн эрхгүй аялагдах энэхүү дууны аяыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Жамъян зохиож, Монгол улсын ардын жүжигчин С.Батсүх дуулж олны хүртээл болгожээ.
Ташрамд 2006 онд Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор “Завхан гол” дууг Завхан аймгийн сүлд дуу болгож баталжээ.
Мөн Завхан голын эрэгт орших Дөрвөлжин суманд 2010 онд Завхан гол” дуунд зориулсан хөшөөг босгож мөнхжүүлжээ.