Завхан аймгийн мэргэшсэн нягтлан бодогчдын тоо хоёроор нэмэгдэж хугацаагүй эрхээ 12 нягтлан бодогч гардан авчээ.
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын таван төрлийн шалгалтад тэнцэж чадсанаар мэргэшсэн нягтлан бодогч болох эрхээ авдаг бол дөрвөн жилийн дараа дахин шалгалтад орж хугацаагүй эрхээ авдаг байна.
Энэ удаад мэргэшсэн нягтлан бодогчийн хугацаагүй эрхийн гэрчилгээгээ 12 нягтлан бодогч, аудиторын батламжыг хоёр төрийн албан хаагч, шинээр мэргэшсэн нягтлан бодогчийн үнэмлэхийг хоёр нягтлан бодогч тус тус гардаж, тангарагаа өргөжээ.
Мэргэшсэн нягтлан бодогч болсноор аудитын хувийн компани байгуулах, олон улсад ажиллах эрх үүсэх, ажлын байрны болон мэргэжлийн үнэ цэнэ нэмэгдэх зэрэг олон давуу талтай ажээ. Завхан аймаг 100 гаруй мэргэшсэн нягтлан бодогчтой юм.
-“Аливаа байгууллагад нягтлан бодогч, санхүүчдийг орлого, зарлагын гүйлгээ бүртгэдэг, цалин боддог, татварын тайлан бэлтгэдэг хүн мэтээр төсөөлөх нь элбэг. Нягтлан бодогч гэх энэ мэргэжилтэн тухайн байгууллагад үнэ цэнийг бүтээгчдийн нэг нь байдаг. Нягтлан бодох бүртгэлийн мэргэжил өөрөө ганц бизнесийн байгууллагаар хязгаарлагдахгүй.
Төрийн алба, ашгийн болон ашгийн бус ямар ч байгууллага нягтлан бодогчгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжгүй. Бүх шатны байгууллагад нягтлан бодогчдын хэрэгцээ шаардлага бий.
Монголын нягтлан бодогчдын институт нь 5000 гаруй гишүүнтэй. Нийтийн эрх ашгийг хамгаалдаг, мэргэжлийн өндөр зэрэгтэй гишүүдийн эгнээнд нэгдэж буй мэргэшсэн нягтлан бодогчдодоо баяр хүргэе” хэмээн Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын Завхан дахь салбараас мэдээлэв.