Завхан аймагт тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх нөлөөллийн ажил өрнөж байна.
Улсын хэмжээнд 2023 онд тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 576 бүртгэгдсэнээс орон нутагт 149 бүртгэгдсэн байна.
Завхан аймагт энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.
Гэсэн хэдий ч он гарсаар энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил улсын хэмжээнд нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэдэд сурталчилгаа мэдээлэл өгч нөлөөллийн ажлыг аймгийн Цагдаагийн газраас хийж байна. Энэ талаарх мэдээллийг Завхан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Гантулгаас тодрууллаа.
-Тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ямар үйл ажиллагааг зохион байгуулж байна вэ?
-Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны даргын өгсөн үүрэг, ажлын чиглэлийн дагуу энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Харин орон нутагт энэ төрлийн гэмт хэргээс болгоомжлох талаар иргэдэд мэдээлэл өгч сэрэмжлүүлэх санамж тарааж өгч байна. Мөн цахим хуудсаар болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан иргэдэд сэрэмжлүүлэх зөвлөгөө мэдээллийг хүргэж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
-Иргэдэд юу гэж зөвлөх вэ?
-Ер нь зөвхөн тээврийн хэрэгсэл биш, тээврийн хэрэгсэл болон түүний эд ангийг хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлдээ нөөц түлхүүрээ үлдээхгүй байх, тээврийн хэрэгслийг асаалттай нь орхихгүй байх хэрэгтэй. Мөн дохиолол хамгаалалтын систем суурилуулах, харуул хамгаалалттай газарт тээврийн хэрэгслээ байрлуулах хэрэгтэй.
Ялангуяа гэрэлтүүлэг муу газарт орхихгүй байх зэрэгт анхаарах хэрэгтэй байна. Тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг нь Улаанбаатар хотын дүүргүүдэд болон орон нутагт нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс дээрх зөвлөмжийн дагуу өөрийн тээврийн хэрэгсэлд анхаарал тавьж болзошгүй хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэрэгтэйг иргэдэд зөвлөж байна.
-Тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ямар хуулийн хариуцлага хүлээх вэ?
-Эрүүгийн хуулийн 17-р бүлэгт зааснаар нэгдүгээрт, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хоёрдугаарт, энэ гэмт хэргийг: 2.1-т зааснаар, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтрэх.
2.2-т зааснаар, түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хулгайлах.
2.3-т зааснаар, ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлах.
2.4-т зааснаар, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Гуравдугаарт, энэ гэмт хэргийг: 3.1-т зааснаар байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон.
3.2-т зааснаар, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байдаг.
Хулгайлах гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлын хэмжээ жилээс жилд нэмэгдэж, энэ нь шунахайн сэдэлтэй, нийтлэг үйлдэгддэг гэмт хэрэг болсон бөгөөд нийт гэмт хэргийн гаралт, өсөлт, бууралт бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрийн түвшингээс шууд хамааралтай болжээ.
Тиймээс цагдаагийн байгууллага хулгайлах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, гаралтыг бууруулах, шалтгаан нөхцөлийг арилгах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлагыг сайжруулах чиглэлээр олон ажил арга, хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн дэмжлэгтэйгээр тогтмол зохион байгуулж байна.