АНУ Тайвань руу зэвсэг нийлүүлсэнтэй холбоотойгоор БНХАУ Америкийн эсрэг хориг арга хэмжээ тавихаар болжээ. Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбинь мэдэгдсэн байна.
Түүний мэдэгдсэнээр, Хятадын Засгийн газар Америкийн Lockheed Martin болон Raytheon Technologies компаниуд Тайваньд зэвсэг худалдсаны төлөө хориг арга хэмжээ тавихаар болсон аж.
БНХАУ Тайванийг тус улсын мужийн нэг, улсынхаа салшгүй хэсэг гэж үздэг. 1949 онд Коммунист намынхантай хийсэн иргэний дайнд ялагдсан Гоминьданы намын засгийн газар Тайвань арал руу зугтжээ. Энэ улсыг дэлхийн ихэнх улс орон тусгаар улс гэж хүлээн зөвшөөрдөггүй. АНУ Тайвань аралтай 1979 онд дипломат харилцаагаа цуцалж байв. Гэсэн ч Тайваньтай албан бус харилцаатай байж, энэ аралд цэргийн тусламж үзүүлсээр байгааг БНХАУ эрс эсэргүүцдэг юм.