ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров даваа гаригт төрлийн мэдлийн “Россия-24” телевизэд ярилцлага өгөх үеэрээ дэлхийн хэмжээнд цөмийн дайн дэгдэж болзошгүй эрсдэлийг анхааруулсан.
Тэрээр Украины асуудлаас үүдэлтэй нөхцөл байдлыг 1962 оны Кубын хямралтай жишиж, цөмийн дайн гарах эрсдэл бодитой бөгөөд өндөр байгааг анхааруулсан юм. Мөн Сергей Лавров НАТО-гийн гишүүн орнууд Украинд зэвсэг нийлүүлж байгаа нь барууны холбоотнууд ОХУ-тай шууд бус байдлаар прокси дайн хийж байгаа хэлбэр гэж тодорхойлсон байна.
Түүнчлэн, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Москва цөмийн дайн гарах эрсдэлийг зохиомлоор нэмэгдүүлэхийг хүсэхгүй байгаа. Цөмийн дайны аюулыг дутуугаар үнэлж болохгүй гэх байр суурь илэрхийлсэн.
Тэгвэл Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Кремлийн энэхүү байр суурийг “дайнд ялагдаж эхэлсний шинж” гэж тодорхойлсон юм.
Тэрээр өөрийн албан ёсны твиттер хаягаар дамжуулан энэ талаар “Москва дэлхийн III дайн, цөмийн дайны бодит аюулын тухай ярьж эхэллээ. Энэ бол ердөө Москва Украин дахь ялагдлаа мэдэрч байгаагийн шинж” гэжээ. Мөн тэрээр дэлхийн улс орнуудад хандан зөвхөн Европ тив төдийгүй дэлхийн аюулгүй байдлыг хамгаалахын тулд Украинд одоогийнхоосоо хоёр дахин их дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна.
Харин олон улсын зарим ажиглагч ОХУ-ын Гадаад хэргийн сайдын байр суурь болон барууны орнуудын оролцоо, дэмжлэгийг Украины дайн хамгийн хурц үе шат руугаа шилжих эхлэл гэж дүгнэж байгаа юм. Учир нь, Украины зүүн хэсэгт явуулж байгаа ОХУ-ын дайны ажиллагаа хангамж, логистикийн асуудлаас шалтгаалан тогтмол эрчтэй үргэлжлэх боломжгүй. Тиймээс талууд ээлжлэн давшиж, ширүүн тулалдаанууд үргэлжилж, олон хүний амь нас эрстэх аюултай. Ийм нөхцөлд, Москва фронтод хүнд гарз амсахаас зайлсхийж, стратегийн довтолгооны зэвсгүүд ашиглах сонголт хийж болзошгүй. Хэрэв Москва тактикийн зэвсэг ашиглаж эхэлсэн тохиолдолд дайны дүр зураг бүрэн өөрчлөгдөх магадлалтай. Хамгийн гол нь, Кремлийн эрх баригчдад тактикийн зэвсэг ашиглах ноцтой шалтгаан хэрэгтэй. Тэр шалтаг нь, ямар нэг байдлаар Украинд үзүүлж буй барууны орнуудын дэмжлэгтэй холбогдох өндөр магадлалтай гэж дүгнэж байгаа юм.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар ням гаригт Киевт гэнэтийн айлчлал хийх үеэрээ Украин улсад нэмж зэвсгийн тусламж үзүүлэхээ амласан. ОХУ цэргийн эзлэн түрэмгийлэл эхлүүлснээс хойш АНУ одоогоор Украин улсад ойролцоогоор 2.5 тэрбум гаруй ам.долларын дэмжлэг үзүүлээд байгаа юм. Мөн Вашингтон энэ долоо хоногт Украиныг батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудлаар дэлхийн 40 гаруй орныг хамарсан уулзалт зохион байгуулж, Украиныг зэвсэглэлээр хангах талаар хэлэлцэхээр төлөвлөсөн.