1940-өөд оноос эхлээд сурталчилгааны байгууллагууд хийх юмгүй уйдсан гэрийн эзэгтэй нарт юу ч хамаагүй шахсан худалдаж авдаг гэдгийг ойлгосон юм. Үүнийг дагаад 1950-1960-аад оны хооронд эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн зах зээлийг эзлэх болов. Мэдээж үүнийг дагаад луйврын шинж чанартай бизнесүүд борооны дараах мөөг шиг гарч ирсэн байдаг. Тэдгээрээс хамгийн томд тооцогдох Марк Идэн хэмээх эрийн бүтээсэн хөх томруулагчийн тухай хүргэе.
1965 онд Жак болон Эйлин Фэр хэмээх хос хөх томруулах дасгалын төхөөрөмжийг зохиосон түүхтэй. Тэрхүү бүтээгдэхүүн нь багагүй амжилт олсон тул дуураймлууд ар араасаа гарч ирсэн юм.
Марк Идэн тухайн үед сантехникч хийдэг байсан бөгөөд эхнэрийнхээ худалдаж авсан хөх томруулагчийг хараад “Ийм зүйл хийж болох юм байна” гэсэн бодол төржээ. Мань эр тэр даруй хадгалж байсан мөнгөө банкнаас авч бүтээгдэхүүнийхээ туршилтын загварыг гаргасан байна.
Тэрээр бараг л анхны загвараа эцсийн бүтээгдэхүүн болгосон гэдэг. Маркын бүтээсэн хөх томруулагч нь дундаа пүрш бүхий хуванцар сав байсан юм. Үүнийг эмэгтэйчүүд хоёр талаас нь шахах замаар цээжээ хөгжүүлэх ёстой байв.
Марк мөн угаасаа том хөхтэй бүсгүйчүүдийг ашиглан сурталчилгаа хийж эхэлсэн байна. Тэрээр өөрийн амьдардаг Калифорни муж даяар өөрийн хөх томруулагчийг барьсан үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн зургийг тараасан гэнэ.
Харин хэрэглэгчид энэ тэнд ярилцлага өгч “Дөрөвхөн долоо хоногийн дотор би ийм цээжтэй боллоо” зэргээр ярьсан нь олны анхаарлыг шууд татжээ. Улмаар бүтээгдэхүүн багагүй нэрд гарч 1965-1970 оны хооронд Марк нийтдээ 1.1 сая ам.долларын (Одоогийн ханшаар 56 сая ам.доллар) орлого олсон гэдэг.
Харамсалтай нь хөх томруулагч ямар ч нөлөө үзүүлдэггүй дэмий хуванцар сав гэдгийг зарим хүмүүс тэр даруй ойлгож Маркыг 1966 онд шүүхэд өгчээ.
Сэргэлэн Марк бүтээгдэхүүний гарын авлага дотор маш жижгээр “Хүн бүрд ижил үр дүн ажиглагдахгүй” гэж бичсэн байсан учраас шүүх түүний талд шийдвэр гаргасан байна. Ийнхүү Марк чөлөөтэй хөх томруулагчаа зарах боломжтой болов.
Марк дан ганц хөх томруулагч хийгээд зогссонгүй. Хөрөнгөжихийн хэрээр тураадаг өмд, гутал, сандал зэргийг бүтээн чамлахааргүй том компанитай болжээ.
Гэвч олон хавар нэгэндээ гэгчээр 1981 онд түүнийг олон саяын татвараас зугтсан хэрэгт буруутгажээ. Марк энэ удаад яах аргагүй хүчин мөхөсдөж нийтдээ 23 сая ам.долларын торгууль төлсөн байна. Үүнээс болж санхүүгийн чадамжгүй болсон учраас түүний компани дампуурч бүтээгдэхүүнүүд нь сураггүй алга болсон юм.