Тус аймгийн “Завхан Хүнс” группээс цаг уурын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой малчдаас амьд хонь худалдан авчээ.
Тус компани аймгийн өвөлжилт хүндэрсэн Тэлмэн, Нөмрөг, Цагаанчулуут, Цагаанхайрхан гэхчлэн сумаас 10 гаруй мянган хонийг зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авчээ.
Тодруулбал малчдаас 12 дугаар сарын 10-наас эхлэн 16 хүртэл амьд хонь худалдан авсан. Хонь 6600, төлөг 7200, хурга 8 кг-аас дээш 5000 төгрөгөөр тус тус 1 кг махны үнийг тооцож худалдан авсан байна.
Манайх малчдаас малаа аваад, үйлдвэрийн аргаар бэлтгээд, дотоодынхоо хэрэгцээг хангаад, гадагшаа зах зээлд гаргадаг. Хоногт 2000 бог, 500 бод малыг төхөөрөх хүчин чадалтай. Мах сэврээх хүчин чадал нь 40,0 тонн, 35-55 тонн махыг гүн хөлдөөх, 2000 тонн бүтээгдэхүүн хадгалах агуулах зоорьтой.
Үйлдвэр жилдээ 500-1000 гаруй тонн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэж, дотоодод болон гадагшаа экспортолж байна.
Өнөөдрийн байдлаар 300 орчим тонн мах үйлдвэрлэсэн. Он гаргаад Иран улс руу 200 гаруй тонн мах экспортолно.
Өнөөдрөөс цаг агаарын нөхцөл байдал, түлшгүйн улмаас үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, мал авах ажлыг зогсоосон.
Ер нь жил бүр цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан малчдыг дэмжсэн худалдан авалтыг зохион байгуулдаг. Энэ жилийн төлөвлөсөн мал, махны бэлтгэл ажил дууссан.
Уг нь манай малчид цаг агаар хүндэрсэн, хүйтэн үеэр биш, намар эрт дулаан цагт буюу 10, 11 дүгээр сард малаа борлуулж, эргэлтэд оруулж байх нь зөв юм.
Бид малчдын гар дээрээс аль болох мал, махыг нь өндөр үнээр худалдаж авдаг. Ирэх жил ч мөн адил Иран улс руу ангилж савласан махыг гаргана. Тиймээс малчдыг малаа жил бүр эдийн засгийн эргэлтэд оруулж бэлчээрийн даацаа багасгах, бэлчээр нутгаа хамгаалахад хамтран ажиллахыг уриалж байна гэж “Завхан хүнс” группээс мэдээлэв.
Ташрамд, “Завхан хүнс” групп нь 2018 онд эгзэгтэй цэгийн аюултай байдлыг хянан шинжлэх тогтолцоо HACCP стандартыг хэрэгжүүлж гэрчилгээжсэн байна. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд тэр болгон энэ олон улсын тогтолцооны стандартыг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байдаг аж.
Уг стандарт нь хүнсний эрүүл ахуйн хяналтын хамгийн оновчтой арга мөн гэж олон улсад хүлээн зөвшөөрдөг байна.
Харин “Завхан хүнс” групп нь орон нутагтаа анх удаа энэхүү стандартыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд бүтээгдэхүүнээ гадаадад экспортолдог учраас HACCP стандартыг хэрэгжүүлдэг байна.
Манай улс нийт 123 мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэртэй. Үүнээс улсын хэмжээнд махны холбоонд бүртгэлтэй 65 нь мал нядлах цехтэй байна. Байршлын хувьд Улаанбаатар хотод 20, орон нутагт 45 үйлдвэр байдаг аж.