Завхан аймгийн Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулийн 12а ангийн суралцагч Нямдоржийн Маралжингуа Монгол улсын оны онцлох хүүхдээр шалгарчээ.
Хүүхдийн хөгжил, нийгмийн оролцоог дэмжих, тэдний гаргасан амжилт, ололтыг алдаршуулах, нийгэмд үлгэр дуурайлал болгох зорилгоор “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах ёслолыг 31 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулжээ.
Н.Маралжингуа нь “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин” төрөлд 2023 оны онцлох хүүхдээр шалгарсан байна.
Суралцагч Н.Маралжингуа нь байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд эерэг нөлөө үзүүлэх бичил төслийг хоёр удаа амжилттай хэрэгжүүлсэн. Мөн үе тэнгийнхэн болоод иргэдэд уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны тогтвортой хөгжлийн чиглэлээр эерэг контент хийж, зөв дадлуудын талаарх сургалт нөлөөллийн ажлыг хийжээ.
Ташрамд, Монгол Улсын ууган сургуулийн нэг, Улиастай сумын 10 жилийн 1-р сургууль, Чандмань-Эрдэнэ лаборатори сургуулиас гурав дахь суралцагч ийнхүү Монгол Улсын оны онцлох хүүхэд болжээ.
2012 онд тус сургуулийн суралцагч С.Алтан-Эрдэнэ Урлагийн төрөлд, 2018 онд суралцагч Б.Оюунтүлхүүр нь Хүүхдийн оролцооны байгууллагын төрөлд Монгол Улсын оны онцлох хүүхдээр шалгарч байжээ.
2023 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд, Оюун ухаан Сурлага, Урлаг, уран бүтээл, Биеийн тамир, спорт, Байгаль хамгаалал, Монгол ёс, түүх, соёлыг өвлөн уламжлагч, Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлстэн, Хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд, Техник сэтгэлгээ, шинэ санаачилга, Багийн амжилт гэсэн 10 төрөлд үндэсний хэмжээнд 1032 хүүхэд өрсөлджээ.
Эндээс онцгой амжилт гаргаж, эх орноо сурталчлан, үе тэнгийнхнээ манлайлсан 36 хүүхэд 2023 оны “Онцлох хүүхэд”-ээр шалгарсан байна.